Төрийн байгууллагын хууль бус үйлдлийг тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Төрийн байгууллагын хууль бус үйлдлийг тогтоолоо

Дээд шүүхийн хуралдаан дээр төрийн байгууллагыг
жирийн компанийн ня-бо  ЯЛАВ

Хэрэг явдал юу болсон бээ гэхээр, нэхэмжлэгч эмнэлгийн хуудсаар хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж авах гэсэн боловч дараалсан 3 сар ажиллаагүй, мөн 5 хоногийн дотор эмнэлгийн хуудсаа аваагүй хугацаа хэтэрсэн гэх шалтгаануудын улмаас ХЧТА-ы тэтгэмж авч чадаагүй юм.

Ингээд нэхэмжлэгч маань БГД-ийн Нийгмийн даатгалын хэлтэсийг иргэний журмаар шүүхэд өгсөнөөр энэхүү маргаан эхэлсэн юм. Тэтгэмж өгөхгүй байгаа шалтгаанаа БГД-ийн НД-ын хэлтэс тайлбарлахдаа НДЕГ, түүний харьяа бүх байгууллагууд даатгалаарх тэтгэмж олгохдоо хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнөх дараалсан 3 сар тасралтгүй ажилласан байх ёстой, мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 5 хоног хоцроож эмнэлгийн хуудас авч болохгүй гэж тайлбарласан байдаг. Энд хэлсэн “хүндэтгэн үзэх шалтгаанаа” тайлбарлахдаа, Хөдөлмөрийн тухай хуулийн байгалийн гамшиг, эсхүл гамшигт хорио цээрийн улмаас ажилдаа ирээгүй үеийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цалин хөлсөө нөхөн тооцуулах заалттай холбон тайлбарласан байдаг. Тэгээд НДЕГ, түүний харьяа бүхий л байгууллагууд улс орон даяар дээр дурьдсанаар хуулийг хэрэглэдэг гэж нийгмийн даатгалын байгууллага хэлсэн билээ.

Ийнхүү анхан шатны буюу дүүргийн шүүх хурал дээр НД-ын байгууллага дээр дурьдсан тайлбараа хэлэн нэхэмжлэхийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулсан ба давж заалдах шатны буюу нийслэлийн шүүх хурал дээр “дүүргийн шүүх хурал дээр болсон” процесстой давхацсан байдаг.

Харин дээд шүүх дээр байдал эсрэгээрээ эргэн хуулинд байхгүй үгийг нэмж тодотгол болгон хуулийг хэрэглэсэн, мөн хүний эрхтэй холбогдох заалтыг нягтлан бодох бүртгэлтэй холбогдох заалттай холиж хуулийг хэрэглэсэн, 2 өөр хуулийн ондоо орчин нөхцөлийн улмаас өгөгдсөн хүндэтгэн үзэх шалтгааныг адитгаж үзсэн, сайдын хүчин төгөлдөр бус журамд зааснаар хуулийн холбогдох заалтыг тайлбарлан хэрэглэснийг тогтоожээ.Ийнхүү нийгмийн даатгалын байгууллага болох төрийн байгууллага хуулийг гажуудуулан хэрэглэж олон зуун даатгуулагч нарыг хууль гарсан цагаас буюу 1995 оноос өнөөдрийг хүртэлх 18 жилийн хугацаанд хохироож байсныг ДЭЭД ШҮҮХ-ийн шударга шийдвэр зогсоож байна.

Төрийн байгууллагатай маргаж төрийн байгууллага хуулийг хэрхэн буруу хэрэглэж олон зуун ажилчин, албан хаагч нарыг хохироодог байсныг тогтоолгуулсан энэхүү иргэн хэн бэ гэхээр, жирийн нэгэн хувийн компанид нягтлан бодогчоор ажилдаг Ж.Онон юм. Энэхүү шударга иргэний нэхэмжлэлтэй иргэний хэрэг дээр гарсан Дээд шүүхийн тогтоол, зөвхөн Ж.Онон гэдэг нэгэн иргэнийг хамгаалсан шийдвэр биш, харин олон зуун мянган нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилдаг нийт иргэн ажилчин, албан хаагч нарын хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалсан тогтоол юм.

Жирийн нэгэн нягтлан бодогч хүн хууль хэрэгжүүлэгч төрийн байгууллагатай марган анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр ялагдсан ч, дээд шүүхийн хуралдаан дээр ялсан нь нягтлан бодогч гэдэг энэхүү мэргэжил нийгэмд ямар чухал хэрэгтэй мэргэжил болохыг тодхон илтгэж байна. Учир нь, хууль батлагдсан он болох 1995 оноос өнөөдрийг хүртэлх 18 жилийн хугацаанд олон зуун иргэн Нийгмийн даатгалын байгууллагатай марган, цаашлаад шүүхдэлцэж байсан боловч ялагдаж байсан юм. Мөн 2013 оны 10-р сарын 3-ны өдөр Дээд шүүхийн хуралдаанаар хэлэлцэгдсэн 19 иргэний хэргийн зөвхөн Ж.Ононгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг дээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, бусад хэргүүдийн анхан болон давж заалдах шатны шийдвэрүүдийг хэвээр үлдээсэн тогтоолууд гарсан юм. Нягтлан бодогч маань өөрийн мэргэжилдээ итгэл үнэмшил дүүрэн байдаг тул бүх шатны шүүх хуралдаан дээр үндсэн хуулин дахь эрхээ эдлэн өөрийн нэхэмжлэлийг хамгаалан өмгөөлөгчгүйгээр зөвхөн өөрийн биеээр оролцсон байдаг.

Монгол Улсын Дээд Шүүх төрийн байгууллагууд хуулийг гажуудуулан хэрэглэдэг хууль бус үйлдлийг хамгаалахгүй, харин оюун санааны хувьд шүүгчид бид төрийн хаагчид ч гэсэн төрийн нэрийн өмнөөс биш, харин Монгол Улсын Нэрийн Өмнөөс Шийдвэр гаргадаг гэдгээ мэддэг ухаалаг шүүгчид оюун санааны хувьд хараат бус байж, гагцхүү хуульд захирагдсан шударга шийдвэр гаргаж олон зуун мянган даатгуулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалсанд ТАЛАРХАЖ байна.

О.ЖАРГАЛСАЙХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж