Тамирчдын дунд яс битгий хая

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Тамирчдын дунд яс битгий хая

-Сая энэ дэлхийн аваргын өмнө У.Мөнх-Эрдэнийг өчнөөн жил ах дүү шиг нөхөрлөсөн Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, З.Энхзориг нартай нь өстөн дайсан шиг харагдуулах гэсэн явуулга явсан юм шүү. Тэрнээс У.Мөнх-Эрдэнэ нөхдийгөө тэгж элдэвлэх богино ухаантай хүн биш-

Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт /Тэмцээн аравдугаар сарын 11-27-нд үргэлжлэв/ спорт сонирхогчдын анхаарлын төвд байв. Монголчуудын хамгийн их сонирхдог, амжилт гаргадаг ТОП-4 төрлийн нэг болохоор энэ тэмцээн, тэр дундаа медаль авсан цорын ганц тамирчин болох У.Мөнх-Эрдэнэ олны анхаарлыг хамгийн ихээр татлаа. 100 орны 457 боксчин тулалдсан энэ дэлхийн аваргад дөрвөн алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар зохион байгуулагч Казахстан улсын баг тасархай түрүүлэв. Нийт 19 орны 40 тамирчин медалийн тавцанд зогсч, төрийн далбаагаа өргүүлэв. Тэдний нэг нь Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ байлаа.

Нэг хүрэл медаль… Сүүлийн хоёр олимп, дэлхийн аваргуудад үзүүлсэн амжилтаараа баримжаалбал энэ бол бидний хүлээж байсан амжилт биш. Гэхдээ нөгөө талаас бол хоосон ирээгүй нь, У.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргаас хоёр дахь медалиа зүүсэн нь өөрөө том амжилт.

Хүмүүс У.Мөнх-Эрдэнэ медаль авсанд баярлахдаа Монголын боксын холбоог шүүмжилж байна. Хэрэв тамирчдаа нэгээс илүү медальд хүргэж чадаагүйд муутгаж байгаа бол энэ холбоонд тодорхой хэмжээгээр буруу өгч болно. Дэлхийн аваргаас 2-3 медаль авахаар зүтгэж байсан зорилгодоо хүрээгүй бол, түүнд хүрэхэд гадны нөлөө бөгөөд тамирчин, дасгалжуулагчид, холбооны зүгээс ямар нэгэн алдаа гаргасан бол Монголын боксын холбоонд түүнийг нь хэлж сануулах, анхааруулах нь мэдээж зөв. Харин У.Мөнх-Эрдэнийг спорт холбоо нь хавчиж шахлаа. Э.Бадар-Ууган, П.Сэрдамба тэргүүтэй хүмүүс энэ тамирчныг гадуурхлаа гэж ойлгон, буруутгаж байгаа бол өрөөсгөл байх талтай. /Олимпийн аварга Э.Бадар-Ууган МБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэлхийн аварга П.Сэрдамба МБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа/.

Монголын спорт холбоодын тогтсон дүрэм ёсоор Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчин тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөх анхан шатны эрхээ олж авч, түүнд зориулсан төлөвлөгөөт бэлтгэлд хамрагддаг. Гэхдээ шаардлагатай бол тухайн үеийн нөхцөл байдал, хүчин зүйлийг харгалзаж үзээд зарим жинд сорил явуулж, илүү сайн байгааг нь, илүү амжилт гаргах боломжтойг нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулдаг жишиг ч манайд бий.

Энэ удаагийн боксын дэлхийн аваргын өмнө тийм л зүйл болсон. Улсын аваргад түрүүлж, бүтэн жил гадаад, дотоодын бэлтгэл, цугларалтад хамрагдсан З.Энхзоригийг явуулах уу, Дэлхийн аваргын өмнө болсон Азийн аваргаас медаль авсан У.Мөнх-Эрдэнийг явуулах уу гэсэн асуулт дасгалжуулагчид болоод холбооны өмнө тулгарсан. У.Мөнх-Эрдэнэ Ази тивд үзүүлсэн амжилтаа тооцоолж, холбоонд хувийн зүгээс хүсэлт гарган, Дэлхийн аваргад оролцуулахыг, 64 кг-ын жингийн түүний өрсөлдөгч З.Энхзоригтой сорил явуулж өгөхийг санал болгосон. Энэ саналыг Боксын холбооны Удирдах зөвлөл хуралдаж хэлэлцээд, хүлээн авч, хоёр тамирчны дунд сорил явуулсан. Ингэхдээ тамирчдад хоёуланд нь боломж олгон, сорил явуулах хугацааг хоёр ч удаа хойшлуулж, хэн хэнд нь тохиромжтой үеийг сонгон, шалгаруулалтыг ил тод явуулсан. Ингээд У.Мөнх-Эрдэнэ сорилгод ялж, энэ удаагийн Дэлхийн аваргад өрсөлдөх болсон юм. Амжилт гаргах боломжтой гэдгээ олны өмнө, холбооныхоо өмнө амлаж байгаад явсан Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ хэлсэндээ хүрч, энэ удаагийн тэмцээнээс Монголын багийн цорын ганц медалийг эх орондоо авчирлаа. Дэлхийн аваргаас хоёр дахь хүрэл медалиа  хүртэж, олон жилийн хугацаанд их спортод цуцалтгүй үнэнч зүтгэж буйгаа нотлон харууллаа. Түүнд дахиад ч боломж бийг энэ удаагийн тулаанаараа үзүүллээ.

Ийм л юм болсон. Боксын холбоо тамирчныхаа хүсэлтийг хүлээж авсан, удирдлагынхаа хүрээнд жишгийн дагуу асуудалд хандаж, сорил явуулсан. Дэлхийн аваргад оролцуулах тамирчнаа тэд өөрсдөө ингэж сонгосон. Түүнээс биш У.Мөнх-Эрдэнийг явах, явуулах асуудалтай холбож ярьвал Монголын боксын холбоо буруугүй, түүнтэй дотоодод өрсөлдсөн З.Энхзориг бүр ч буруугүй юм. Боксын дэлхийн аваргын өмнө, хойно өрнөж байгаа энэ бүх сүржигнэл холбоо, тамирчин хоёрыг хооронд нь үл ойлголцолд оруулж, хоёр тамирчны дунд яс хаяж буй мэт байдал үүсгээд байна. Хүмүүс ээ, тэднийг тайван орхино уу.

Харин энд нэг зүйлийг зориуд онцлон хэлэхэд, спорт холбоод бүрийн ард байдаг хорссон, уурссан, бусдаас өө хайсан бүлэг хүмүүс спортынхныг хэтэрхий их эвдрэлцүүлж байна. Энэ байдал Боксын холбоон дээр ч ажиглагддаг. Бусад холбоодод ч ил, далд ямар нэгэн байдлаар харагдаж байдаг тулга тойрсон хэрүүл болсон нь үнэн. Тийм маргаан дунд тамирчид л хохирч үлдэнэ.

Сая энэ дэлхийн аваргын өмнө ч гэсэн У.Мөнх-Эрдэнийг холбоотой муутгасан юм шиг харагдуулж, өчнөөн жил ах дүү шиг нөхөрлөсөн Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нартай нь өстөн дайсан болсон юм шигээр санагдуулах гэсэн явуулга явсан юм шүү. У.Мөнх-Эрдэнэ тэрнээс ухаан орж, хөлс дуслуулсан цагаасаа нэг хүн шиг болтлоо биенийгээ мэдэх болсон З.Энхзоригийгоо тэгж элдэвлэх богино ухаантай хүн биш гэдгийг нь гадарлах хүн цөөнгүй байгаа байх аа.

Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нарын халгиж цалгин, ялж дийлж явсан үеэр нь ямар их бардаж хөөрсөн билээ дээ, бид. Одоо харин тэд эх орны баатар байгаагүй  юм шиг хорон, хов жив шиг олиггүй үг чулуудаж байгааг харахаар энэ хэдэн тамирчид хэний төлөө өнөөдөр тэмцэж байгааг тайлбарлахад бэрх юм. Ялангуяа интернет дэх сэтгэгдлээр “өшөө авдаг” зуршилтай хэдэн хүмүүст.

Амжилт бол өшөө авалт биш. У.Мөнх-Эрдэнэ өшөө авах гэж Дэлхийн аваргад өрсөлдөөгүй, тийм зорилгоор медалийн төлөө тэмцээгүй юм шүү.

Б.БАЯСАХ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №035

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж