Монголчууд нисэх загварын спортын ДАШТ-д оролцоно

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Монголчууд нисэх загварын спортын ДАШТ-д оролцоно

Нисэх загварын спортын чөлөөт нислэгийн 2011 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 30 наас тавдугаар сарын 1-нд Аргентин улсын Кордоба хотод болох гэж байна.

Монгол Улсын чөлөөт нислэгийн загварын Үндэсний шигшээ баг 2011 оны ДАШТ-д оролцохоор 18 хүний бүрэлдхүүнтэйгээр Аргентиныг зорилоо.

Энэ тэмцээнд одоогоор 35 улсын 250 гаруй тамирчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна.

Монголын хувьд 1965 оноос нисэх загварын спорт хөгжиж эхэлсэн түүхтэй. Тухайн үед Монголын пионер сурагчдын ордонд нисэх загварын дугуйлан хичээллэдэг байв.    Манай тамирчид 1970-аад оноос эхлэн олон улсын тэмцээнд оролцож, 1977 онд нисэх загварын зарим төрлөөр улс, хотын чанартай тэмцээн зохион байгуулж эхэлсэн байна.

1980 онд нисэх загварын спортын тэмцээний дүрэм, цол зэргийн нэгдсэн ангиллыг баталснаар Монголын спортын төрөлд албан ёсоор орсон гэдэг. 1990 оноос эхлэн зогсонги байдалд ороод байсан нисэх загварын спортоо сэргээе гэж хэсэг тамирчид хамтран 1997 онд Монголын нисэх загварын спортын холбоо (MAСA)-г байгуулсан бөгөөд одоогоор 5-6 клубтэйгээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Бяцхан нисэх хүчин буюу инженерийн спорт гэгддэг нисэх загварын спорт  нь дотроо F1 буюу чөлөөт нислэг, F2 буюу жолоодлогот, F3 нь радио удирдлагат гэсэн гурван үндсэн төрөлтэй.

F1 гэдэг нь нисэх загвар (онгоц)-ыг агаарт хөөргөснөөс хойш нислэгийг нь ямар нэг зүйлээр  удирдахгүйгээрээ бусад төрлөөсөө ялгаатай бөгөөд манай улсын баг тамирчид F1А төрлөөр энэ удаагийн дэлхийн аварга шалшаруулах тэмцээнд оролцох юм байна.

Б.Мандах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж