
ЭМЯ хүч түрэн, эмч нарын оронд мэргэжлийн бус эмч нарыг авчирсанаар тус төвийн эмчилгээ, оношлогоон дээр алдаа гарах нөхцөлийг бүрдүүлж, улмаар шинэ эмч нар хуулийн хариуцлага хүлээх нөхцөлийг бүрдүүлж байна. Өнөөдөр л гэхэд тус төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирлын хариуцлагатай албыг авсан, хүүхдийн эмч Н мэс заслын тусламж үйлчилгээн дээр ноцтой алдаа гаргаж, улмаар гүрээндээ хутгалуулсан 25 настай залуу амь насаа алдсан хэрэг гарчээ. Судасны бичил мэс заслын мэргэшсэн эмчийг ажлаас халсан ч тэр эмч санаа нь зовоод мэс заслыг нь хийгээд өгье гэж байхад “хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан хүнээр хийлгэж болохгүй, 3 дугаар эмнэлгээс эмч дуудсан хүлээж бай” гэх хооронд өвчтөн хүндэрсэн тул гэмтлийн эмч нар Б.Бүргэд эмчээс зөвлөгөө авч, мэс засалд орсон боловч өвчтөн хэдэн цагийн дараа нас барж, өвчтөний ар гэр тус төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирлын талаар гомдол гаргаж шүүхэд асуудал шилжээд байна.
Гэмтлийн эмч нар хаана ч, хэзээ ч, хэнд ч нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээгээ үзүүлэх тангарагтай, түүнээсээ ч няцаагүй, “гагцхүү шинэ удирдлагатай хамтран ажиллахгүй, энэ шийдвэрээ цуцал” гэж ЭМ-ийн сайдад хүсэлт тавьсан ч биелэгдээгүй тул арга ядахдаа ажлаасаа өөрсдийн хүсэлтээр халагдаж байна.
Гэмтлийн эмч нар багаар ажилладаг, 24 цагийн ямар ч үед бэлэн байдаг жинхэнэ дайчин хамт олон, хагас цэргийн зохион байгуулалттай гэдгийг ЭМЯ, шинэ удирдлага төсөөлөлтэй байна уу, үгүй юу гэдэг асуулт хариу нэхэж байна.