Хараа голын эрэг орчмыг цэвэрлэв

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Хараа голын эрэг орчмыг цэвэрлэв

Дархан-Уул аймгийн БОАЖГ-аас эрхлэн байгаль хамгаалах сарын аяны хүрээнд ХААИС-тай хамтарч Хараа голын эрэг орчмын хогийг цэвэрлэв.

Хараа голын эрэг орчим нь зуны цагт зугаалагчдын хөлд дарагдаж тэр хэмжээгээр ихээхэн хог гарч байгаль орчныг бохирдуулдаг. Энэ удаа ХААИС-ийн 300 гаруй оюутнуудын хүчээр Хараа голын эрэг хавийг цэвэрлэхэд дийлэнх нь архины лонх, хуванцар сав, гялгар уут зэрэг экологийн тэнцвэрийг алдагдуулдаг хорт хаягдлууд байжээ. Аймгийн БОАЖГ нь жил бүрийн хавар, намарт Хараа голын эрэг, Дархан хотын эргэн тойрон дахь энгэр бэл орчмыг цэвэрлүүлэхийн тулд аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулж хамтран ажиллаж иржээ.

ХААИС-ийн Инженерийн танхимын эрхлэгч П.Содгэрэл, "Дархан, Сэлэнгэ аймгийн иргэдийн ундны эх үүсвэр болсон Хараа гоын ус жил ирэх тусам багасаж байгаад хүн бүр сэтгэл эмзэглэдэг боловч бүх нийтээрэ санаа тавьдаггүй. Наад зах нь л урин дулаан болмогц Дарханчууд гэр бүл, хамт олноороо Хараа голын эргээ бараадан амарч зугаалахдаа гаргасан хог хаядлаа буцахдаа тэр чигээр нь үлдээгээд явчихдаг. Энэ мэт хүмүүсийн буруугаас эргээд байгаль экологийн тэнцвэрт байдалд нөлөөлж гол горхи бохирдох, гал түймрийн аюул үүсэх зэргээр тоолж баршгүй эрсдлийг бий болгодог. Иймээс манай сургууль аймгийн БОАЖГ-аас өгсөн чиглэлийн дагуу хойч залуу үедээ эх дэлхийгээ хайрлах хамгаалах ухаанд сургахаар оюутнуудтайгаа энэ ажилд оролцож байна. Ер нь байгал орчноо хайрлан хамгаалах тухай сэдэв үргэлж хөндөгддөг боловч ажил хэрэг болох нь бага байдаг учраас цаашид Хараа голын эрэг хавийн хогийг цэвэрлэхэд албан байгууллагуудыг тэгш оролцох хуваарь гаргаж ажиллуулмаар байна" гэлээ.

Аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Я.Батбилиг, "Энэ ажил БОАЖГ-аас олон нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээн хийгдэж байгаа намрын аяны нэг ажил юм. Оюутан, сурагчдын экологийн боловсрол мэдлэгийг нэмэдүүлэхэд байгаль орчноо хамтын хүчээр цэвэрлэж  арчлах ажил хамгийн үр дүнтэй арга болдог. Бид байгаль хамгаалах сарын аянд идэвхтэй оролцсон бүх байгууллагуудаа БОАЖГ-аас урамшуулж алдаршуулах ажлыг давхар төлөвлөсөн" гэлээ.

Б.НОРОВСАМБУУ

Эх сурвалж: http://darkhanith.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж