Гудамж төслийн хүрээнд нийслэлийн 33 уулзварыг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөснөөс 16 дахь уулзварын ажлыг бүрэн дуусаж өчигдөр /10.28/ 11.40 цагт албан ёсоор нээлтээ хийлээ.
Уулзварыг нээх ёслолын үйл ажиллагааны үеэр “Гудамж” төслийн захирал Б.Батболд хэлэхдээ “Бид нийслэлийн авто замын ачааллыг бууруулж, иргэдээ тав тухтай зорчих, цаг завыг нь хэмнэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нь сайжруулах зорилгоор 33 уулзварыг шинэчлэх ажил өрнүүлж байна. Энэ ажил бол харьцангуй бага хөрөнгөөр богино хугацаанд боломжийн үр дүнд хүрч байгаагаараа онцлогтой” хэмээв. ТЭЦ-3-ын зүүн урд талын энэхүү уулзвар нь эвдрэл гэмтэл ихтэй мөн зорчих хэсгийн талбай бага байснаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд нэлээд саад учирдаг байжээ. Тэгвэл уг шинэчлэлийн ажлаар 11 мянга 640 квадрат метр талбайд зам барилгын ажил гүйцэтгэж, асфальт бетон хучилт, авто замын босоо, хэвтээ тэмдэг, тэмдэглэгээг бүрэн хийсэн байна. Мөн явган зорчигчийн зориулалтын замыг бий болгосон байна. Энэ уулзвараар урагш хөндлөн гарч буй замыг Туул голын хойд эрэг дагуу баригдах хурдны замтай холбохоор төлөвлөж байгаа аж. Тиймээс нэлээд ач холбогдолтой замд тооцож байгаа гэдгийг холбогдох албаны хүмүүс онцолж байлаа. “Гудамж” төслийн хүрээнд энэ уулзвараас гадна “Атар Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 километр авто замыг бүхэлд нь өргөтгөн шинэчилж, тээврийн хэрэгслийн зорчих хэсгийг хоёр дахин нэмэгдүүлсэн байна. Ингэснээр тухайн чиглэлийн замын ачаалал эрс буурах боломжийг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн байна. Уг уулзварын засвар шинэчлэлийн ажлыг “Рок пэйнт” компани гүйцэтгэсэн бөгөөд зураг төслийг нь “Ар Си Эс Си” боловсруулжээ.
Нээлтийн үеэр “Рок пэйнт” компанийн захирал Ж.Лхагвадоржийн сэтгэгдлийг нь хуваалцсан юм.
-Энэхүү уулзвар шинэчлэлийн ажил замын ачааллыг 70 хувь бууруулж чадсан гэж албаны хүмүүс дүгнэж байсан. Энэ талаар тодруулбал?
-Энэ зам өмнө нь их хөдөлгөөний ачаалалтай байсан. Хөдөлгөөний хэсгийн зам нь маш нарийн байсан учраас хотын төв болон хойноосоо ирэх замын ачааллыг дийлэхгүй маш олон цагаар түгжирдэг. Мөн замын цагдаа нар өдөржингөө зохицуулалт хийдэг байсан. Харин өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөнийг зөвхөн гэрлэн дохиогоор зохицуулах бүрэн боломжтой болоод байна.
-Шинэчлэлийн ажлыг нийт хэчнээн хүний бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэсэн бэ?
-Өргөтгөл шинэчлэлийн ажлыг нийт 45 хүний бүрэлдэхүүнтэй хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Дөрвөн замын уулзварын шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхээс өмнө замын цагдаагийн албан хаагч нар өглөөний 07.00 цагаас оройн 10.00 цаг хүртэл бие зохицуулалтаар хөдөлгөөнийг зохицуулдаг байжээ. Тус уулзварын ажлыг хүлээж авснаар замын хөдөлгөөнийг зөвхөн гэрлэн дохиогоор зохицуулах боломжтой болсон байна.
Энэ талаар Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн ахлагч А.Витягаас зарим зүйлийг тодруулсан юм.
-Энэхүү уулзвар ашиглалтад орсноор хөдөлгөөний ачаалал хэр буурсан бэ?
-Манай дүүрэг баруун тал руугаа жилээс жилд тэлж байгаа. Үүнтэй холбоотойгоор хөдөлгөөний ачаалал ч мөн жилээс жилд нэмэгдсэн. Бид өмнө нь уртасгасан цагаар, зарим үед 24 цагаар ажиллаж, замын хөдөлгөөнийг зохицуулдаг байсан. Өмнө нь маш их ачаалалтай байсан бол одоо уулзварын нэвтрүүлэх чадвар эрс нэмэгдэж, гэрлэн дохиогоор бүрэн зохицуулж байгаа учраас заавал замын цагдаа нар уртасгасан цагаар ажиллах шаардлагагүй болсон. Ер нь хөдөлгөөний ачаалал 60-70 хувь бол буурсан гэж хэлж болно.
Яармагийн оршин суугч Н.Алтангэрэлээс замын шинэчлэлийн талаар сэтгэгдлийг нь хуваалцлаа.
-Манайх Яармагт байдаг. Өмнө нь гэрлүүгээ харих гэж бараг энэ зам дээр л хоёр цаг түгжирдэг байсан. Харин одоо гэрлэн дохио болон зам нь их сайхан сэлүүхэн болсон. Зам засварлаж дууссанаас хойш хотын төв рүү очиход 30 минут л зарцуулдаг боллоо.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин