
Эрх чөлөөний орон АНУ, зарим хүмүүсийн тодорхойлсоноор “дарангуйлагч” нэртэй ОХУ-ын аль аль нь баялаг ихтэй, буурай орны төрийг засахаар өөр хоорондоо өрсөлдөх болов. Хүйтэн дайны үед ийм л байсан. Одоо ч хэвээрээ.
Өнгөрсөн сараас эхлэн Арабын орнуудад дэгдсэн “хувьсгалын шар шуурга” өнөө хэр зогссонгүй. Одоо бүр халдварт өвчин болов. “Арабын ертөнцөд ганц л зүйл ноёрхдог. Энэ бол хатуу чанга дэглэм, сүсиг бишрэлийн дээд хязгаар“ гэж үг бий. Сүсиг бишрэлдээ хөтлөгдөж эрх чөлөөгөө алдан дарангуйлалд зовж шаналсан хэдэн зуун сая хүний тэвчээр барагдаж байх шиг байна. Тиймээ, Исламын ертөнц гивлүүрээ хуу татаж байна. Одоо үүнийг хэн ч зогсоож чадахгүй хэмжээнд хүрлээ. “Чоно борооноор” гэдэг шиг АНУ, Франц, Их Британи, Итали улсуудад Исламын энэ хувьсал бөөн далим болов. Одоогийн байдлаар арав гаруй оронд их, бага хэмжээний жагсаал цуглаан болж, хэдэн мянган хүний амь үрэгдлээ. Тэр дундаа Ливи, Зааны Ясан эрэг, Сири зэрэг орнуудад халдвар тархжээ. Ливид М.Каддафи өөрийн зэвсэгт хүчний хамт босогчдын болон АНУ-ын эсрэг байлдсаар. Зааны Ясан эрэгт хуучин Ерөнхийлөгч Гбагбо нь эд баялагт шунаж ард түмнээ хөсөр хаялаа. Ингэснийхээ хариуд НҮБ-аас алганы амт хүртсэн. Сирид ч хүний эрхийг зөрчсөн үйлдэл ар араасаа үргэлжилсээр байна. Сирийн Засгийн газрын эсрэг босч байгаа хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Нэг жагсаалаас дор хаяж 40, цаашлаад 400 хүн амь үрэгдэж байна гээд бод доо. Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл.
ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев “Манай улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “ОХУ Ливийн энхийн ажиллагаанд идэвхтэй оролцоно. Энхийг сахиулна” гэж мэдэгдсэн. Харин би нэг зүйл дээр гайхаад байх юм. АНУ, НҮБ яагаад Сири биш Ливи рүү дайраад байгаа юм бэ. Сирид хүний эрхийг онц хэрцгийгээр зөрчсөөр байхад ямар ч арга хэмжээ авахгүй юм” гэжээ. Үүнийг хоёр өнцгөөс тайлбарлаж болно. Хүний эрхийг хамгаалах нэрийн дор газрын тос руу нь шунаж буй их гүрнүүдийн сонирхол. Хэдийгээр зөвхөн үүний төлөө дайн хийж байгаа ч М.Каддафийг газрыэ хөрснөөс шууд арччихаж бас төвдөхгүй байгаа бололтой. Учир нь АНУ Иракт хийсэн алдаагаа дахин давтахыг хүсэхгүй байгаа бололтой. Нөгөө талаасаа Сирид одоо болтол НҮБ-ын энхийг сахиулах цэргүүд орооогүй байгаа нь хачирхалтай. Ливид цэргээ оруулах болохоор хүний эрх ярьдаг атлаа Сирийг тоохгүй байгаагийн учир юу вэ. Гайхах хэрэг байна уу. Учир нь Сири Ливийг бодвол газрын тос бараг байхгүй орон. Үүнийг нотлох мэт BBC-гийн сурвалжлагч Бенет Жонс “Сири Ливийн нөхцөл байдал адилхан. Ард түмнийхээ эсрэг Засгийн газар цэргийн хүч ашиглаж байна. Удирдагч нар нь дарангуйлагчид. Олон зуун хүн амь үрэгдэж эрх чөлөөг хүсч байгаагаараа ч ижилхэн. Харин цорын ганц ялгаа нь Сирийг бодвол Ливид газрын тос байгаа явдал” гэжээ.
CNN-ээс өчигдөр Сирийн эрх баригчидтай холбоо барьж нөхцөл байдлын талаар байр суурийг нь асуух гэж байсан боловч татгалзжээ. WWW.cnn.com сайтын олон нийттэй харилцах буланд “Энэ мэт үйлдэл нь олон улсад Сирийн нэр төрийг гутаах болно” хэмээн онцолсон байж. НҮБ дахь Сирийн бие төлөөлөгч “Манай улсад юу болоод байгаа нь дэлхий нийтэд ил тод байгаа. Бидэнд нуух шаардлага байхгүй. Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан хийхдээ тайван хүлээцтэй хандвал Засгийн газар ч мөн итгэж хандах болно. Хэрвээ төрийн эрхийг хууль бусаар авахын төлөө цус урсгах гэж жагсч байгаа төр хүч хэрэглэн дарах нь зөв. Энд хэн нэгний туслалцаа дэмжлэг хэрэггүй” гэжээ.
Өнгөрсөн долоо хоногоос ОХУ Ливи болон хувьсгал хийхээр оролдож буй орнуудад хандаж өөрийн байр сууриа тун тодорхой илэрхийлж байгаа. Тэд энэ удаа сүүлд дуугарч буйгаараа онцлог юм. Учир нь АНУ түрүүлж Ливи рүү агаараас гал нээсэн. Үүнийхээ хариуд Б.Обама шүүмжлэлийн бай болсон. Тэгэхээр энэ удаа оросууд хий хоосон сүржигнээгүй байх нь. Давуу байр сууриа улам лавшруулах мэт ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ыг “жүжиг тавих хэрэггүй” гэж хэлсэн нь хоёр орны харилцааг хурцатгаж орхив. Ёстой л гал дээр тос нэмэх шиг үлгэр боллоо.
Ерөнхий сайд Владимир Путин хүртэл “НҮБ-ын гишүүн орны хувьд ОХУ дэлхийн энх тайван байдлыг сахиж, хүний эрхийг хамгаалах болно. Гэхдээ Ливид болж байгаа цэргийн ажиллагаа ард түмнийх нь сайн сайхны төлөө явуулж байгаа зүйл гэж би ойлгож байгаа. Ер нь НАТО-д хэн М.Каддафийг алах эрхийг өгсөн юм бэ. Ямар эрх дархтай хүн нь дэлхий дээр ийм дураараа ааш гаргаж байгааг хэн нэгэн надад тайлбарлаад өгөөч” гэсэн цочир мэдэгдэл хийв. Мөн “Бид М.Каддафийг муу хүн, дарангуйлагч хэмээн ярьсаар байна. Магадгүй энэ үнэн байж болно. Тэгээд одоо түүнийг хэн дуртай нь дур мэдэн хороож болох уу. Ийм утгагүй явдлыг зогсоох хэрэгтэй” гэсэн нь АНУ-д шууд хаяглаж байгаа нь тодорхой. Ямар ч байсан их гүрнүүд бусдын төрийг засахаар ханцуй шамлаж эхэллээ. Гэхдээ тэд дэлхий нийтийн энх амгалан байдал, хүний эрх чөлөөг хүндэтгэдэг нь үнэн болов уу. Ливийг АНУ хүчирхийлж байсан бол одоо нөгөө талд нь ОХУ зогслоо. НҮБ яах бол. Сонирхолтой тоглоом одоо л дөнгөж эхлэж байгаа юм биш үү.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин