Тянь-Ань-Мэний талбайд болсон халдлагыг нууцалж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Тянь-Ань-Мэний талбайд болсон халдлагыг нууцалж байна

БНХАУ-д халдлага болжээ. Бүр нийслэлийн төв талбайд нь шүү. Энэ үеэр хамгаалалтын шугамыг “Toyota” маркийн жийп сэтлэн дэлбэрчээ. Нийт гурван хүн амиа алдаж, 11 гадаадын жуулчин бэртэж гэмтсэн талаар эх сурвалж мэдээлсэн. Мөн найман цагдаагийн ажилтан биедээ хөнгөн гэмтэл авсан байна. Уг нь цагдаагийн ажилтнууд хамгаалалтын шугам хэтэрсэн машин руу гал нээсэн аж. Гэвч маш хурдтай орж ирсэн тул ямар ч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадаагүй байна.

Хятадын ардчилсан эсэр­гүү­цэгчдийн жагсаал Тянь-Ань-Мэ­ний талбайд хамгийн сүүлд 1989 онд болж байсан. Тус улсын Засгийн газар, төрийн бодлогыг эсэргүүцэж, хүний эрх чөлөө зөрчигдсөн тохиолдолд тус талбайд ямар нэг таагүй зүйл болдог. Уг хэрэг өчигдөр өдөр 13.30 минутын үед гарсан бөгөөд нэг цагийн дотор хэрэг гарсан газрыг тойруулан хаалт хийж, хүмүүсээс нууцалж эхэлжээ. “Хэргийг шалгаж бай­гаа” гэсэн товч хариултыг 14:45 минутад цагдаагийн газраас нь мэдэгдсэн бөгөөд чухам ямар хүн, ямар зорилготой уг халдлагыг үйлдсэнийг тогтоохоор ажиллаж эхэлжээ.

Хэрэг яг Мао Зе Дуны хөрөгийн өмнө болсон тул иргэд ихэд бухимдаж байгаагаа илэрхийлэв. Өчигдөр цагдаа болох хүчнийхэн Хориотой хот, Тянь-Ань-Мэний талбай, Цагаан хана зэрэг түүхэн дусгалт газруудыг түр хааж, онц байдал зарласан. Гэхдээ онц байдал удаан үргэлжлэхгүй хэмээн иргэдэд тайлбарлажээ. Бэртэл гэмтэл авсан жуулчдын нэрийг өнөөдөр зарлах бөгөөд тэдний бие тийм ч ноцтой муудаагүй гэж мэдэгдэв.

Тянь-Ань-Мэний талбайн эр­гэн тойронд хуягт танкууд 16.00 цагийн үед харагдсан байна. Тиймээс нөхцөл байдал бодсоноос ч ноцтой байгаа бололтой. Бүрэн зэвсэглэсэн цэргүүд тав, таваараа гудамжны өнцөг булан бүрт бай­гаа талаар гадны жуулчид өөрс­дийн цахим хуудсанд онцолжээ. Хэргийн талаар цагдаагийн газраас ямар нэг дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд ажиглагчид уг халдлагыг түвдүүд үйлдсэн байх магадлалтай гэдгийг онцолсон юм. Учир нь 2009 онд уг талбайд 120 гаруй түвд иргэн өөрсдийн эсэргүүцлийн жагсаалыг хийж, бүгд Тянь-Ань-Мэний талбайд үхнэ гэдгээ илэрхийлж байжээ. Гэвч энэ мэдээлэл бол таамаг төдий байгаа юм.

Халдлага болсны дараа хү­мүүс биедээ авч явсан утас, камераар зураг аван шууд цацаж эхэлсэн аж. Мөн талбайн харуул хяналтын газраас зарим жуулчдын авсан зургуудыг устгасан ч гэх мэдээлэл гараад буй. Мөн Хятадын зарим сайтад хэрэг гарсаны да­раа тавигдсан гэрэл зургуудыг сайтаас нь устгаж эхэлсэн та­лаар австралийн сайтууд мэдээлж эхэлсэн.

Гэрчүүдийн үзэж буйгаар машин эхлээд хурдтай нэвтэрч орж ирээд талбайн голд зогссон аж. Ингээд хүмүүс ойртох мөчид дэлбэрсэн бололтой. Харин өөр нэг гэрчийн хэлж буйгаар амиа золиослогч жолооч хүмүүсийг дайрах гэж оролдсон гэжээ. Гэвч Бээжингийн цагдаагийн ажилтнууд “Хэрэг гарсны дараа гэрчүүд бүгд цочролд орсон байсан. Тэд юу болсон талаар ярихдаа дэс дарааллыг нь сайн санахгүй байгаа” хэмээн эмнэлгийн ажилтнууд мэдээлсэн аж.

Халдлага болсныг мэдсэн ги­шүүд ордноос гарах гэж сандралд­сан тухайн “Синьхуа” агентлаг мэ­дээл­сэн бөгөөд нөхцөл байдлыг аль бо­лох гадны хэвлэлүүд руу дэврээх­гүй байхыг оролджээ. Гэвч хам­гийн эхэлж Австралийн агентлагууд мэ­дээ цацаж, улмаар дэлхийд халдла­гын мэдээлэл тархсан бололтой.

Амиа алдсан гурван хүний нэг нь амиа золиослогч байсан бөгөөд нөгөө хоёр нь талбайн ойролцоо явж байсан талаар таамаглал бий аж. Тэд Мао удирдагчийн хөрөг зургийг чиглэн 500 метр явсан талаар гэрчүүд мэдээлсэн. Ха­рин “sina.com” сайтын зураглаач машиныг шатаж дуустал зураг аван, бичлэг хийж амжсан байна.

Мөн хэрэг явдал болсоноос хойш зарим хэвлэл энэ явдлыг “Автомашин осолдож, гурван хүний аминд хүрлээ” гэх утгатай ташаа мэдээлэл цацаж эхэлсэн нь Хятадын олон нийтийг бу­химдуулж буй талаар “Синьхуа” агентлаг уламжилжээ. Тодруулбал, осолдсон машины мотор нь шатаж эхэлсэн тул жолооч хяналтаа алдан Тянмений талбай руу орсон талаар мэдээлсэн байна.

Дээрх халдлагаас болж олон нийтийн метро, автобусыг нэг цаг явуулаагүй бөгөөд цагдаагийнхан нөхцөл байдлыг бүрэн хяналтад авсан аж. Эрх баригчид энэ талаар ямар нэг мэдээлэл, албан ёсны байр суурь илэрхийлээгүй байгаа юм. Мөн хэргийг мөрдөх мөрдөн байцаах хэсгийн дүгнэлт чухал гэдгийг зарим мэдээллийн агентлаг өчигдөр оройн 17.00 цагийн үед мэдээлсэн билээ. БНХАУ-д нөхцөл байдал ийнхүү цочрол үүсгэсэн нь иргэдийн айдсыг төрүүлж байгаа талаар тэд ярьжээ. Тиймээс ойрын гурван өдрийн хооронд болох олон нийтийн бүх арга хэмжээг цуцлах талаар шийдвэрийг Бээжин хотын амбан захирагч гаргасан байна.

Б.БААТАР

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж