Аз болоход, эцэг, эхчүүд байсангүй

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Аз болоход, эцэг, эхчүүд байсангүй

-Хэрвээ залуу хүн бүр боловсон шоуддаг болчихвол жилд хичнээн ч баяр тэмдэглэсэн яахав дээ-

Өнгөрөгч баасан гариг буюу аравдугаар сарын 25-ны үдэш “Brix” шөнийн клубт “Halloween”-ий баяр болов. Үүднээсээ эхлээд заал тэр чигтээ аймшгийн байшин шиг зүрх муутай хүн бараг л орохооргүй газар болон хувирсан байлаа. Орохыг хориглосон хүмүүст мэдээж  эцэг, эхчүүд багтана.

Нүүрээ цагаанаар, уруулаа улаанаар будаад, нүдээ тойруулж харлуулсан залуус үүдэнд зочдыг угтан зогсох. Цаашлаад дотогшоо ортол араг яс хадуур барьчихсан, хар нөмрөгөөр гангарсан харагдав. Тайзан дээр австай муминууд, хана, гэрэлтүүлэг гээд бүх зүйл нь яг л аймшгийн байшинг дүрсэлж чаджээ. Ширээ тайзны засал гээд бүгд л ерөнхийдөө сүрдмээр. Хаалгаар ороход л аймшиг дагуулсан эл шоунд  үдшийн 22 цаг гэхэд тийм ч олон хүн харагдсангүй. Харин хоёр цагийн дараагаас үүгээр түүгээр аймшгийн киноны баатрууд холхилдож эхэлсэн юм. Яг тэр үеэс бүжгийн талбайд залуус хөл тавих зайгүй чихэлдэж байв. Нүд нь гэрэлтэх хулуу, урт улаан нөмрөгтэй цус сорогч, хуриман дээрээ “алуулсан” эмэгтэй, тас хар урт үс, улаан нүдтэй шулам, мөн хайр татам туулайн чихтэй охидууд хүртэл байсан юм. “Brix”-ийн бие засах газар нүүр хувиргах өрөө болон хувирч,  залуус биенийхээ нүүрийг будаж өгч байлаа. Танихгүй хүмүүс ч хоорондоо хэзээний найзууд болсон мэт харагдах. Нүүрний зориулалтын будаг байхгүй ч  уруулын будаг,  нүдний харандаа зэргийг тун чадварлаг ашиглан бие биесийнхээ царайг хувиргана.  Манай залуучууд басхүү гарын дүйтэй гэдгийг тэр үдэш харуулсан.

Өнөөх европ шоуны соёл ёстой л “Brix”-ийн   шоун дээр гарсан даа. Манай залуучууд харьцангуй соёлжсон нь ч харагдаж байлаа. Тэнд согтож, халамцсан охин харсангүй. Монгол хүний ааг, омгоо гарган нударга зангидсан залуусыг ч харсангүй. Тиймээс аль ч утгаараа бүх зүйл нь таарсан шоу болсон. Магадгүй жаахан даралт ихтэй хүн ирсэн бол даралт нь ихсэж зүрхээр нь хатгуулж магадгүй. Учир зүггүй бүжиглэсэн залуус, сэтгэл хөдлөл ихтэй байсан, дээрээс нь аймшгийн баг болоод нүүрний будаг зэргээс тэр шүү дээ. Эцэг, эхчүүд  харвал ч бараг түргэн дуудуулах нь тодорхой л байлаа. Аз болж  их шуугиан дунд тэд байсангүй. Хамгийн сонирхолтой нь“Halloween”-ий баярт гадаад залуус олноороо очсон  харагдав. Харин тэдний дунд охид бүсгүйчүүд харагдсангүй. Тэгэхээр тэднийг яах гэж зочилсныг  та  лав гадарлах байх. Монгол охид гадны залуустай амархан хэл нэвтрэлцэх ч бусдаар бол санаа нийлээгүй нь харахад илт байлаа. Гадаад залуу монгол охиныг буудал руу дагуулж орох санал тавьсан учир олны дунд алгадаж орхисон нь энэ үдшийн бас нэгэн “шоу” байсан юм. Анх удаа л Монгол охин гадаад эрэгтэйг алгадаад хээвнэг тоосон шинжгүй зогсож байгааг харахад монгол охид маань эрээ цээрээ алдчихаагүйн байна даа гэж бодсон шүү.

Анх “Halloween”–ы баярыг 2000 жилийн тэртээ тэмдэглэж ирсэн байдаг. Эртний ирландчууд аравдугаар сарын 31-нд нар жаргах үеэс буюу үдэш гэгээ тасрахын хэрд дэлхий дээрх бүх сүнс цугларан тэнүүчилдэг гэж үздэг байжээ. Тиймээс айл бүхэн үүднийхээ гадна сүнснүүдэд хоол үлдээж, дайлах ёсыг гүйцэтгэдэг байв. Энэхүү уламжлалаас үүдсэн “Халловен”-ий баярыг Ирланд, Шотланд, АНУ, Канад зэрэг олон оронд өдгөө ч өргөн дэлгэр тэмдэглэдэг. Халловений баярын өдрөөр нүүрэндээ баг зүүж, сүнснүүдэд танигдалгүй хувцаслаж нуугдах ёстой.

Энэ баярын өөр нэг бэлэгдэл нь улбар шар хулуу юм. Хойд Америкт харамчаараа алдартай Чарли гэгч хүн байжээ. Хахир муухай ааштай, хүнд өглөг огт өгдөггүй тэрээр бие барахдаа ч энэхүү зангаа огт тавиагүй гэдэг. Тиймээс эд хөрөнгөндөө хорогдсон түүний сүнс Халловений баярын үдшээр хулуу болон үзэгддэг болжээ. Эл түүхийг мэдэх хөршүүд нь Чарлигийн сүнснээс болгоомжилж, гэрээсээ холуур явуулахын тулд шар хулуунаас хамгийн томыг нь сонгоод дотор нь лаа асаан тавьж домнодог болжээ. Энэ баярыг хар өнгөөр тодотгодог. Хүүхдүүд янз бүрийн сүнс, шулам, чөтгөрийн хувцас өмсч, айл болгоны хаалгыг тогшин “Чихэр, жимс өгөхгүй бол бид танд муу зүйл хийнэ шүү” хэмээн “айлгаж”, амттан цуглуулдаг.

Дээр үед сүсэгтэй хүмүүс “бяцхан чөтгөр”-үүдийг баярлуулахгүй бол муу зүйл тохиолдоно гэдэгт жинхэнээсээ итгэдэг байжээ. Тиймээс муу ёрын сүнсний баяр хүүхдүүдийн хамгийн дуртай баяр болон хувирсан байдаг.

Харин сүүлийн жилүүдэд хятад болон бусад Азийн орнуудад өргөн тэмдэглэх болсон. Манай залуус сүнсний баярыг жинхэнэ утгаар нь тэмдэглэж эхлээд дөрөв дэх жилтэйгээ золгож  байна. Хэдийгээр үүдэндээ айл бүр хулуу тавиад, жаахан хүүхэд бүр муу баатрын дүрд хувирдаггүй ч энэ уламжлалт гэх үү, тэмдэглэлт өдөр жил ирэх тусам өргөн тэмдэглэдэг болоод байгаа. Харин энэ жилийн “Halloween”-ны баяр өмнөх жилүүдийнхээс замбараатай боллоо. Залуучууд маань ч хоорондоо эвтэй байв. Хэрвээ залуу хүн бүр архи гэдэг ундааг тааруулж хэрэглээд, боловсон шоуддаг болчихвол жилд хичнээн ч баяр тэмдэглэсэн яахав дээ.



Э.ТЭМЛҮҮН

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №35

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж