
Өмнийн говийн “нүд төөрөм” талын танил салхи нүүр туучиж, болдогсон бол ганц мод налаад суугаад өгмөөр тийм л амгалан байх юм. Хотын өдөр тутмын замын түгжрэл, дуу шуу,бухимдал стрессээс салсан нэг өдрийн томилолт маань говийн салхи, чимээнд жинхэнэ амралт болох шиг.
Тэгвэл төслийн талбайд нар мандахаас жаргах хүртэл ажил ид өрнөж байна. “Оюутолгой”-н бүтээн байгуулалт нийт 80 км2 талбайг хамарч байгаа бөгөөд дээр хэлсэнчлэн дан ганц Ханбогд сум бус, Даланзадгад Баян-Овоо, Манлай сум нөлөөллийн бүсэд тооцогдож байна. Ханбогд сумын хүн амын тухайд Оюутолгойн бүтээн байгуулалт эхэлсэнтэй холбоотойгоор сүүлийн хоёр жилд 1200 байснаа 4000 гаруй болтлоо нэмэгдсэн ажээ. Нөгөө талаараа ийм том уул уурхайн бүтээн байгуулалт өрнөснөөр газар нутгийг сэндийчнэ гэдгээрээ зон олны санааг зовоож буй.
Ийнхүү нэн тэргүүнд сөхөгддөг асуудал бол уурхайн олборлолт, төсөл хэрэгжихэд шаардлагатай усны хангамж, ашиглалт. “Оюутолгой” төслийг хэрэгжүүлж, ил, далд уурхайгаас зэс, алт, мөнгө, молбидений баяжмал гарган экспортлохын тулд гүний усыг ашиглаж буй. Тухайлбал, нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 0.43 шоо метр ус ашиглаж байгаа тухай мэргэжилтэн нь хэлсэн юм. Уул уурхайн том бүтээн байгуулалт өрнүүлдэг дэлхийн бусад орны усны хэрэглээг сонирхлоо. Дэлхийн бусад орны манайхтай ижил төрлийн баяжуулах үйлдвэр дунджаар 1.27 шоо метр ус ашигладаг гэх юм. Ямартай ч одоогоор төслийн хэмжээнд гадаргын усыг ашиглахгүй байгаа. “Оюутолгой”-д бохир ус цэвэршүүлэх дөрвөн байгууламж ажиллаж, үүнээс гарсан усыг үйлдвэрлэлийн зориулалтаар 100 хувь ашиглаж байгаа гэлээ. Гүний хоолойн газрын доорх орд нь Оюутолгойгоос 70 км-т оршдог бөгөөд усны хайгуул хийхээр 143 эрэл хайгуулын цооног өрөмджээ. Төсөлд шаардлагатай усыг 400 метр гүн нийт 28 цооногоос гүний усаар татаж байна.
Өнгөрөгч долдугаар сарын 2-нд Өмнөговь аймгийн ИТХ-ын хурлаар уул уурхайн том бүтээн байгуулалт болох Тавантолгой, Оюутолгойд гүний ус ашиглахыг хориглосон шийдвэр гаргасан. Тэгвэл энэ тал дээр бодлого тодорхойлогчид эргэн харж, гүний усыг ашиглахаар болж буй тухай албаныхан хэлсэн.
Оюутолгойн “Hugo north”ил уурхай одоогоор хаалттай байгаа. Монголын Засгийн газар, Канадын “Turquoise Hill Resources” компанийн үл ойлголцлоос болоод ил уурхайг хэзээ ашиглалтад оруулах нь тодорхойгүй байна. Гэсэн ч цаашдаа Оюутолгойн зэсийн хүдрийн нөөцийн байршлаас шалтгаалж ил уурхайг цаашдаа ажиллагаанд оруулахад Ундай голын зарим хэсэгт давхцах юм. Тиймээс голын урсацад хэсэгчлэн тохиргоог хийж байгаа. Энэ нь нутгийн иргэдийн багагүй зөрчилтэй тулгарсан ч бүтээн байгуулалтыг цаашид үргэлжлүүлэхийн тулд голын урсацад тохируулга хийх арга хэмжээ авч буй ажээ.
Ундайн гол нь нийт 70 км үргэлжилж, Галбын говь руу урсч, Цанхийн голд цутгадаг ажээ. Цутгалын адаг дээрээ 2000 заган ойтой гэнэ. Ундайн гол одоогоор ширгэмэл байдалтай байгаа бөгөөд гадаргын устай. Урсацыг төлөвлөхдөө гадаргын усыг цооногоор хуримтуулж авч, хоолойгоор урсгаад адагт нь ил гаргах юм байна. Үүгээр ахуйн хэрэглээний усыг шийдэх бөгөөд урсацыг өөрчлөх төслийн анхааралдаа авсан зүйл нь голыг урт удаан хугацаанд ашиглах учраас ямар нэгэн техникийн шийдлийг оруулаагүй, байгальд сөрөг нөлөөгүй байлгах тухай мэргэжилтэн нь хэлсэн юм. Энэ дагуу голын урсацын тохиргоо, байгаль орчин дахь нөлөөллийг хоёр долоон хоногт нэг удаа хийдэг байна.
Газар дээр очоод харахад, гол хуурай байдалтай ч хуучин энд “ЗИЛ-130”машин суух хэмжээний байсан бөгөөд жилдээ хоёр удаа үерлэдэг ажээ. Үерлэхдээ уурхай руу ус цутган орж ирэх аюултай тул ийнхүү урсацын тохируулгыг хийхээр болж байжээ. Цаашдаа инженерийн зураг төслийг бүрэн гүйцэтгэхийн тулд Ундайн голоос холгүй хиймэл нуур байгуулах асуудлаар яригдаж эхэлсэн бөгөөд нутгийн иргэд, удирдлагууд газрын зөвшөөрлөөс шалтгаалах ажээ.
Ямартай ч Оюутолгойн бүтээн байгуулалт түүхэнд онцлох дэнчин тавьж, асар их зорилгыг “өвөртлөн”өрнөсөөр байна.