“Монгол хүн, нохой орохыг хориглоно”

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

“Монгол хүн, нохой орохыг хориглоно”

-Халаасны хулгайч нараас болж гадныхан Монгол хүнийг  хилээр нэвтрүүлэхээ хориглож магадгүй нь-

Хонконгд болсон үнэт чулууны үзэсгэлэн худалдааны үеэр нэгэн хэрэг дэгдсэн нь манай монголчуудтай холбоотой болохыг Хятадын хэвлэлүүд бичицгээх болсон. Үзэсгэлэн яармагийн үеэр манай улсын таван эмэгтэй алт мөнгөн эдлэл, алмаз хулгайлсан хэрэгт буруутгагдан баривчлагдаад байгаа юм байна. Энэ хэрэг гарсны дараа Хонконгийн зарим дэлгүүрүүд монгол хүмүүст үйлчлэхээс татгалзсан гэх албан бус яриа ч гарсаар байгаа. Хулгайлсан алмазаа зарах гэж яваад баригдсан юм даг уу даа. Зарим эх сурвалжийн хэлснээр хулгайлсан эрдэнэсээ авч гарах гэж байгаад Бээжингийн нисэх онгоцны буудал дээрээс баривчлагдсан гэдэг мэдээлэл  ч байна.  Юутай ч монголчууд  Хонконгийн олон улсын үзэсгэлэн худалдаанаас хулгай хийсэн нь үнэн, тэдний хэргийг удахгүй Хятадын ардын шүүхээр хэлэлцэх бололтой.

Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэдэг. Бүхэл бүтэн сүлжээ болтлоо томорсон,  сумаас сумын хооронд “мал туух”-аа больж, гүрэн дамжин машин, үнэт эрдэнэс хулгайлдаг бүхэл бүтэн “мафи” Монголд бий болчихсон, тэднийхээ хийсэн хэргээс болоод  гадаад  ертөнц дэх монгол хүний үнэлэмж алдагдсаар байгааг юу гэхэв.

Өнгөрсөн хавар ажлаар  Шанхай явсан найз маань ичиж үхэнгээ алдсанаа ирээд хуучилсан юм. Шанхайн нэгэн дэлгүүрээс юм худалдаж авах санаатай орсон найзыг маань худалдагч нар нь алхам тутамдаа хянаж, тагнаад байсан бололтой. Гайхаад  дагалдаж явсан хятад орчуулагчаасаа яагаад ингээд байгааг нь асуутал “Танай монголчууд Хятадад хулгай хийсээр байгаад манай худалдаачдыг хашраасан” гэдэг тайлбарыг сонсоод ичсэндээ юу ч хэлж чадаагүй гэсэн.  Ийм хулгайчид, Эрээний хэдэн биеэ үнэлэгчдээс болоод монгол хүний цаашлаад Монгол Улсын нэр хүнд гадаад ерцөнцөд унасаар байгаа юм.  Миний нэр, төрд хамаагүй бол бусад  нь ямар хамаатай юм бэ гэж боддог болчихсон нөхдүүд хулгай хийгээд баригдлаа гэхэд тэднийг Монголын иргэн гэж цоллохоос Доржийн хүү гэж дуудахгүй нь тодорхой шүү дээ. 

Монголчууд чинь хэзээнээсээ л нэрэлхүү, нэр төрдөө жигтэйхэн хайртай, амбицтай, аймаар нэрэлхүү хүмүүс биз дээ.  Муу яваагаа хэн нэгэнд мэдэгдэхгүй, харуулахгүй гэж хичээдэг мөртлөө хил давангуутаа муу, муухай үйлдэл гаргаад байдаг нь ямар учиртай юм бол оо. Хэн нэгний  талаар тааламжгүй мэдээ гарвал нэр төрд халдлаа гээд хууль, цагдаа, шүүх сэргийлэхдээ хүрдэг хүмүүс биш бил үү.  Хүний газар нэрээ бод гэж хөгшчүүл ярьдаг.  Өөрийнхөө нэрийг байг гэхэд улсынхаа нэрийг хайрлахгүй бол хэдэн хулгайчдаас болоод Монголын нэр хүнд шавартай хутгалдах ёсгүй юм. Гадныхан  Монгол гэдэг үгийг сонсонгуутаа “хулгайч” гэдэг ганц үгээр дүгнэдэг, үргэдэг болоод байна шүү дээ. Тогоон дотроо Чингисийн удам, эх орон гэж худлаа цээжээ дэлддэг хэрнээ гадагшаа гарангуутаа  ичиж зовохгүй хулгай хийнэ, биеэ үнэлнэ, хар тамхи зөөвөрлөнө.

Өнгөрсөн өвөл ачаа дагуулсан эмээ нөүтбүүк хулгайлсан хэрэг фэйсбүүкээр нэг дуулиан тарьсан. Түүний дараахан нэгэн жирэмсэн эмэгтэй хулгай хийж байгаа бичлэг бас л цацагдсан.  Сумаасаа гараад аймагтаа очи­хоороо намайг хэн ч танихгүй гэж боддог, аймгаасаа гараад хо­тод ирэхээрээ “яасан ч миний дур” гэж эндүүрдэг, улс орон дам­­жаад явахаараа яаж аяглаж байсан хэнд ч хамаагүй гэж тэнэгтдэг “нүүдэлчний” сэтгэхүйгээсээ салахгүй бол  нэг хулгайчийн асуудлаас болж бүхэл бүтэн улс орны маань нэр төр сэвтээд дуусах нь.

Саяхан нэгэн найз маань “Сарны титэм” дэлгүүрээс хүрэм  ав­лаа. Гэтэл авсан хүрэмнийх ханцуйн дээрх нууцлалынх нь тэмдэгийг  аваа­гүй байсан гэнэ. Худалдагчаас нь аваад өгөөч хэмээн гуйхад  нөгөөх нь Их дэлгүүр дээр очоод авхуулчих хэмээн зөвлөсөн гэж байгаа.  Ханцуйн дээ­рээ “томбогортой”  яваад байлтай нь биш.  Тэгээд л өөрөө авах гэж ураад хаячих шахсан хөгтэй явд­лаа ярив.  Эндээс харахад манай томоохон дэлгүүрүүд хүртэл хулгайн бараагаар дүүрчихсэн, түүнийгээ гаднаас хууль бус аргаар олж ирдэг болчихсон юм биш үү.  Нэг л брэнд ярьсан худалдагч нар, гэтэл гадагшаа гарангуутай хулгайч болчихдогийг хэн мэдлээ.

Ноднин өвөл Шанхайд эхнэр, нөхөр хоёр баривчлагдаж, буудлынх нь өрөөнөөс хэдэн  том үүргэвчтэй бараа Хятадын цагдаа нар хурааж авсан бичлэг интернэтээр цацагдсан. Өмссөн зүүснийг нь харахад ямар ч байсан дажгүй амьдралтай хүмүүс харагдсан.  Гаднаас хулгайлж авчирсан бараагаа Монголд авчраад  зарчихдаг бүлэг хүмүүс байдаг юм биш үү. Сүүлийн үеийн хулгайчид улс дамжиж “ажлаа” хийдэг, тэр ажил нь овоохон унацтай болсон гэх мэдээлэл ч бий. Тиймээс том том жип хөлөглөсөн халаасны хулгайчид олон байдгийг хуу­лийн­хан хүртэл мэддэг юм байх чинь билээ.  Монголд гар утаснаас эхлээд машин хүртэл хулгайгаар оруулж ирж зардаг ченж нэртэй хулгайчид олон байдаг гэсэн.  Амар хялбар аргаар баяжих хүсэлдээ донтсон тэд баригдаад гадаадын шоронд ял эдэлж байгаа нь цөөн­гүй юм билээ. Гадаадад ял эдэлж байгаа хүмүүсийн дий­лэнх нь хулгайчид. Гадаадад ял эдэлж байгаа хүмүүсийн 60 хувь нь хулгайн хэргээр шоронд суу­сан байна.  Өмнөд Солонгост гэхэд 200 хүн хулгайн хэргээр шалгагдаж байгаа гэх. Тэгэхээр Монголын халаасны хулгайч на­раас болж гадныхан Монгол хүнийг  хилээр нэвтрүүлэхээ хориглож магадгүй нь.

Ж.НЯМСҮРЭН

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №35

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж