
Аль насандаа хийсэн үйлийн үр юм бэ, хөөрхий тэр жаргаж чаддаггүй нөхөр 15 олигархийг нэрлэжээ. Юун ч цөөхөн юм бэ. Түүний буруу гараар хийсэн булхай бүхнийг нь илчилж дургүйг нь хүргэж байгаа хүний тоо 15-аар дуусмааргүй юм. Гайхмаар. Орчуулагч хүн болохоороо тоонд муу байх нь. Анзаарагдахгүй байсан сул тал нь байж. Горькийн сургуулийн орчуулагчийн ангийг төгссөн, дараа нь Лийдсийн их сургуулийн англи хэлний ангийг дүүргэсэн гэхэд олигархи гэдэг үгийн утгыг бас л буруу ойлгочихож. Мань эр өөртөө таалагдаагүй хүнийг олигархи гэж нэрлэж болно гээд бодчихсон тууж явна. Эсвэл баян хөрөнгөтэй хүнийг тэгж хэлээд байхаар цаазаар… авчихдаг гэж арай… Ингэж бодох үндэслэл байна. Учир нь тэр саяхан хувийн шүүх байгууллаа гэж зарласан. Мэргэжлийнхээ хувьд ямархуу орчуулагч вэ гэдэг нь танигдаад ирэх үетэй давхцаад сэтгэлгээний хоцрогдол нь санаа зовоож орхилоо. Төрд олон жил ажиллаж, гайхмаар улс төр хийж явсан гэхэд итгэмээргүй. Хөрөнгөтэй, мөнгөтэй хүнийг үзэн яддаг пролетари сэтгэхүй нь инээдтэй биш аймшигтай байна. Ардчилсан хувьсгалын он тоолол эхлэхэд гарааны зурхайгаас бүгд адил тэгш эргэсэн биш үү. Хэн хөдөлмөрлөж овсгоотой байж чадсан нь тэрбумтан болж өнөөдөр нийгмээ араасаа чирч яваа. Аль л өөдрөг өнгөтэй яваадаа зүүгдэж тэднийгээ мөлжиж амьдардаг нь хүний нийгмийн бичигдээгүй хууль. Хоёр сая 700 мянган хүн амтай манайх шиг улсад баячууд нэмэгдэх тусмаа сайн. Сингапурт 10 хүн тутмын нэг нь долларын саятан байдаг. Бид тэр зүгт тэмүүлж, тэрбумтанаасаа зүүгдэж амьдрах нь хамгийн ойрын гарц.
Сайхан машин унаж тансаг харшид амьдарч хэдэн арваар тоологдох охин компани байгуулан тэрбум, тэрбумаар мөнгө эргэлдүүлж байгаа хүмүүсийн хөрөнгийг хураан, алж хядах биш тэдний үйлдвэрт ажиллан цалин авч амьдралаа залгуулах ёстой биш гэж үү. Том хөрөнгөтнүүдийг дагаж жижиг хөрөнгөтнүүд мэндэлдэг жамтай. Баячуудад зарагдаж ядуус өөдөлдөг түүхтэй. Хүн төрөлхтөний хэдэн мянган жилээр туулж амьдарсан энэ эгэл түүхээс монголчууд бид хаашаа ч оргож чадахгүй. Харин хийж бүтээж яваа үндэсний хөрөнгөтнүүдээ үзэн ядаж, хөрөнгийг нь хурааж тэгшитгэхийг хүсэх хэдхэн хүн бий болж. Тэд нэгэн цагийн ёстой жинхэнэ олигархиараа удирдуулан бусдад хорсч байна. Орох оронгүй, оочих аягагүй бас дээрээс нь өнчин ишигний ч орлогогүй байж төрийн эрх мэдлээрээ далимдуулан хагартлаа баяжсан түүх хэнийх гэдгийг санах хэрэгтэй. Дээр өгүүлсэн 15-хан нөхрийн дотор ийм түүхтэй хүн харагдахгүй байгаа учраас үүнийг бичиж байна. Сү.Батболд, Г.Батхүү нар бусдаасаа арай хөрөнгөлөг нь үнэн. Гэхдээ тэд төрийн ажилд ирэхээсээ өмнө сэлгэж унах морьтой, сольж өмсөх хувцастай байсныг бүгд мэднэ. Араас нь залгах Э.Бат-Үүл, Ц.Нямдорж нар үнэмшил төрүүлэхгүй байна. 30-аад жилийн өмнө хадмындаа хүргэн орсон Э.Бат-Үүл байраа сольчихож чадахгүй яваадаа олигархи гэгдэх үү. Хууль засахаас өөр эрдэмгүй Ц.Нямдоржийн хөрөнгө орлогын мэдүүлэг даанч ичмээр дамшиг. Кабинд нь дуу орсон хөгшин “пажеро”-гоо сольж чадахгүй яваа Д.Зоригт сайд хэдий завандаа олигархи болчихов. Харин хэдэн зуун хүнийг Сүхбаатарын талбайд цуглуулж, морь хөлсөлж, цус нулимс өөд турхирч байгаа энэ нөхөр өөрөө хаанаас мөнгө олоод байна вэ. Ажилгүй атлаа ийм хэмжээний мөнгийг яаж олж байгаа нь сонирхолтой хэрэг шүү. Сүхбаатарын талбайн хажуу дахь хэвлэх үйлдвэрийг луйвардаж, ОХУ-д төлсөн их өрөөс хумсалсан болохоороо өл залгуулаад байгаа биз дээ. Нэгэн цагт Монгол Улсын Ерөнхий сайд байж, эдийн засгийн зоригтой алхам хийж явсан Мэндсайханы Энхсайхан хөрөнгөтнүүдийн хөрөнгийг шатаах тухай уриалж зогсохдоо юу бодож байсан бол.
Амар гэхээр амарч чадахгүй, зүгээр бай гэхээр зүү шиг үгээр сүвээнээс хатгаад байгаа тэр нөхрийг яах вэ. Ард түмэн өөрийнхөө төлөө зүтгүүлэхгүй гээд байхад “зүтгэнэ” гээд зөрж хашгираад байгаа тэрнээс салмаар байна. Энэ нөхрийг ер нь Хятадын цагаан хэрэм давуулаад шидчих юмсан. Эсвэл нэгийг авахаар нөгөөг нь үнэгүй өгдөг дэлгүүрийн бараа шиг өгөөд явуулчихмаар. Залхаж байна түүнээс. Залхана гэдэгт бас хязгаар байдаг бололтой юм.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин