“Ертөнцийн өнгө”-өөр аялаарай. Бүсгүйчүүдийн нүдээр ертөнцийн өнгийг тольдох гэрэл зургийн нэгэн сонирхолтой үзэсгэлэн тун удахгүй олны хүртээл болох гэж байна. Энэ бол “Өнөөдөр” сонины гэрэл зургийн албаны дарга Г.Эрдэнэтуяа, гэрэл зурагчин С.Бадамханд нарын хамтран толилуулах “Ертөнцийн өнгө” уран бүтээлийн үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 1-нд “Blue Moon” арт галерейд нээгдэх бөгөөд гурван өдрийн турш гэрэл зураг сонирхогчдод хүргэнэ. Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа энэ өдрийн 12.00 цагт болох аж
Эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан анхны үзэсгэлэн 2011 онд “Таван өнгө” нэртэйгээр гарч байсан бол 2012 онд “Амьдралын өнгө” хэмээх үзэсгэлэнг мөн эмэгтэй уран бүтээлчид олонд хүргэж байв. Харин энэ удаа та бүхэн тэдний “Ертөнцийн өнгө”-өөр аялаарай.
Б.БАЯСАХ