Үндэсний Ардчилал.., Бас биш юм аа

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Үндэсний Ардчилал.., Бас биш юм аа

Нэгэн цагт бодлогыг нь тодорхойлж, гараа, бариа руу нь  чиглүүлж байсан АН-ынхаа эсрэг зүгт М.Энхсайхан харж зогсоно. Энэ байдлаараа Н.Энхбаяр түүнтэй тун адилхан болсон. Аль аль нь хоолноос нь хороосныхоо шанд “Манай нам бол гайхамшиг…” гээд магтаал урсгаж, өмгөөлж явдаг жирийн идэвхтэн гишүүн яваагүй. Улс төрийн өнгийг өнөө хэр тодорхойлж буй голлох хүчнүүдийг нэгэн цагт удирдаж явсан лидерүүд. Намаар дамжин төрийн өндөрлөгт гарч, энэ улсын жолоо цулбуурыг гартаа атгаж үзсэн цөөн улстөрчийн тоонд  ордог. Харин өнөөдөр тэд өөрсдийнхөө алхаж, гишгэж ирсэн бүхнийг буруутгах янзтай. Уг нь “Өнөөдөр гээч зүйл өчигдөр эхэлчихсэн байдаг” гэсэн үг бий. Ялангуяа М.Энхсайханд үүнийг хаягламаар байна. Өнгөрсөн жилүүдийн ардчиллын ялалт, олол­тын талаар хамгийн сайхан ярьдаг нь тэр байв. Цээжний бангаар бус онол түшээд, эдийн засгийн үндэслэлээр ч хачирлана. “Ардчилал Америкаас эхтэй учраас манайх Орос, эсвэл Германы загвараар явж болохгүй” гэж ярьдаг байсан. Улс төрийн гуравдагч хүчнийг бол ойрын хэдэн жилдээ хэрэггүй гээд бүр ч ойшоодоггүй, шүднийхээ завсраар сийгүүлээд л өнгөрнө. Арав, хорь биш, ердөө хэдхэн жилийн өмнө тэр ийм байв. Харин одоо болохоор ”Ардчилал бол АН-ын өмч биш, зааж зааварладаг нь ч Америк биш” гэж адарч байна. Бас  хүмүүст төдийлөн танигдаагүй Үндэсний шинэ намаа гуравдагч хүчний орон зай руу “чихэх” холын бодолтойгоор жагсагчдын энгэрт зүүгдээстэй явна. Цаг хугацаа улир­на гэж энэ аж. Үндэсний үзэл тийм ч буруу зүйл биш учраас энэ өнцгийг барьж авсанд нь, “Үндэсний ардчилал” гэж хашгирч яваад нь түүнд талархаж болно. Гол нь өөрийнхөө эхлүүлсэн олон зүйлийг нүдний өмнө муулаад байхаар цаашид түүнд хэн итгэх вэ. Дараа нь дахиад л “Би буруу бодож байжээ. Үзэл бодол маань өөрчлөгдсөн” гэвэл яах вэ. Хамгийн их мэдэмхийрдэг либертари үзлээ ч тэр үгүйсгэсэн. Үүн шигээ “Үндэсний ардчилсан үзэл бас л биш юм аа” гээд хэдэн жилийн дараа шилээ маажин зогсч байж  мэдэхээр л байна, энэ М.Энхсайхан.

Н.МӨНХТӨВШИН


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж