Евро парламентын ерөнхийлөгч Мартин Шульц
Нээгдсэн гэж байсан хөшигний завсраар юу болж байсан вэ? Хамгийн анх АНУ дотооддоо олон сая иргэдийнхээ утасыг чагнаж байсан, ПРИЗМ программын тухай олон нийт мэдэх болов. Бас л хүнд цохилтод оруулж байсан мэдээлэл. Одоогоос гурван сарын өмнө энэ мэдээлэл олныг сандаргаж эхэлсэн. Гэтэл гурван сарын дараа буюу энэ сарын 24-нд дэлхий нийт дахин нэг мэдээлэлд цочирдох болов. Германы Der Spiegel сэтгүүлд АНУ 2002 оноос канцлерын утасыг чагнаж байсан нь илчлэгдлээ. Үүний дараа Францад ч энэ асуудал босч ирэв. Бүр европийн холбооны 27 улсын компьютерийн сүлжээг өөрийн хяналтдаа байлгаж байсныг Европийн холбоо илрүүлсэн. Европийн холбооны бүх л газрыг тагнаж байсны дотор Брюсселд төвтэй Евро Консулын Сайд нарын зөвлөлийн байрыг тагнаж байсан нь ил боллоо.
Дайран дээр давс гэдэг шиг Элчин сайд нараар дамжуулан чагнаж байсныг “илчилж” гаргаж ирлээ. Германы Der Spiegel, Францын Le Monde сэтгүүлээс гаргаж ирсэн энэхүү мэдээлэл өмнөх мэдээллийн хүчийг улам өргөсөн гэж хэлж болно. АНУ-ын үндэсний аюулгүй байдлын хорооноос зайлшгүй тагнах ёстой 38 улсын жагсаалт гарган түүгээрээ тагнуулын үйл ажиллагааг явуулдаг байжээ. Их Британийн The Guardian сониноос ч гарсан мэдээллийг харвал 35 орны төрийн тэргүүний утасыг чагнадаг байсныг дэлхий мэддэг болсон. Мөн үүнээс гадна Европийн холбооны улсаас гадна европийн бус Египет, Япон, Солонгос улсын төрийн тэргүүнүүдийг чагнадаг байсныг өнгөрсөн долдугаар сарын 1-нд энэ сонин мэдээлсэн. Тухайн үедээ нэг их далайц тариагүй ч европийн холбоог сэрэмжлэхэд хүргэсэн байж болох талтай юм.
"…Ангела Меркел зүүн германаас гаралтай. Социалист үзэл суртлын дор хүмүүжсэн гэдгээр далимдуулж, чагнах ажиллагаа өрнүүлсэн байх магадлалтай…” Der Spiegel сэтгүүлээс…
Сүүлийн жилүүдэд Герман улсад хүчээ аваад байгаа нео нацист бүлэглэлүүдийн нөлөөлөл барууны орнуудад засгийн эрхийг атгах болсон коммунист үзэл баримтлалтай намуудын нөлөөллийг тагнах зорилгоор АНУ энэ үйлдлийг хийсэн байж болохоор байна. Герман, Франц зэрэг европийн томоохон эдийн засаг төдийгүй багахан шиг эдийн засгууд бүгд зүүн төвийн үзэл баримтлалтай намууд төрийн эрхийг атгаж байгаа нь гашуун үнэн. Үүнийг ардчиллын эх орон гэгдэх АНУ өлгөж авсан байж болох талтай. Гэхдээ энэ бүх хугацаанд яагаад энэ талаарх мэдээллийг цацаж болоогүй юм бэ гэсэн асуудал гарч ирнэ. Ямар ч байсан Франц, Германаас эхтэй энэ мэдээлэл одоо бүх европийг доргиож байгаа. Европийн холбооны тэргүүнүүд энэ талаар уулзаад амжсан.
Өнгөрсөн 24-ний өдөр хуурай өвсөнд авалцсан гал шиг хурдан тархсан энэхүү мэдээллийг АНУ сөрөн зогссоор байсан. Гэхдээ манайд гарч байгаа мэдээлэл шиг Обама болоод төрийн удирдлагууд хэзээ ч энэ талаар уучлалт гуйгаагүй. Учир нь нэгэнт дэгдсэн энэ мэдээллийг хүлээчихвэл улс төрийн нэр хүнд нь тэр дороо унах учраас тэр. Мэдээлэл цацагдсан даруйд ерөнхийлөгч Барак Обама, Франц руу утас цохисон. Түүнийг утас цохисноос хойш ердөө нэг өдрийн дараа Жон Керри Франц улсад айлчиллаа. Ярианы гол сэдэв нь эв найртайгаар энэ асуудлыг намжаах. Тэрээр Францын төрийн тэргүүнтэй биечлэн уулзаж, энэ мэдээлэл огт ор үндэсгүй гэдгийг мэдэгдсэн төдийгүй бид хэзээ ч ийм үйлдэл хийж байгаагүй гэдгээ удаа дараалан мэдэгдсэн.
“Бид хэзээ ч Германы канцлерын утсыг чагнаж байгаагүй. Өнгөрсөнд ч тэр, одоо ч тэр, цашдаа ч тэр чагнахгүй” гэж АНУ-ын ерөнхийлөгч Б.Обамагийн хэвлэлийн төлөөлөгч хэллээ…
АНУ-ын иргэд энэ явдлын талаар хоёр хуваагджээ. Нэг хэсэг нь үнэхээр чагнасан, улс орны хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэж харж байгаа бол нөгөө хэсэг нь ердөө ч ийм зүйл байхгүй Европийн холбооны ээлжит тоглолт ч гэж харах нэгэн байна. Өнгөрсөн хугацаанд ОХУ-ын сонин хэвлэлүүд Барак Обамаг албан ёсоор уучлал гуйсан гэж мэдээлж байсан бол Герман улсад уучлал гуйх ёстой гэсэн өнцгөөр харж буй. Гэхдээ Цагаан ордноос албан ёсоор уучлал гуйгаагүй байна. Энэ хугацаанд Бразилийн ерөнхийлөгч АНУ-д айлчлах айлчлалаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Уг нь Бразилийн төрийн өмчит компанитай газрын тосны олборлолтод хамтарч ажиллах талаар тохиролцоонд хүрэх байсан ч ойрын хугацаанд гэрээлэхгүй нь тодорхой болсон. Бразилийн "Глобо" сонины мэдээллээс харвал Латин америкийн хүчирхэгжиж буй Мексик, Чили, Колумб зэрэг улсын мэдээллийг тандах төлөвлөгөө гэгчийг боловсруулаад удаж байгаа аж.
“АНУ сүүлийн жилүүдэд тагнуулын нууц хөтөлбөртөө зарцуулах мөнгө нэмэгдсэн. “Хар төсөв” гэж нэрлэгдсэн нууц хөрөнгө хуваарилалтаар 53 сая доллар төсөвлөсөн байж болзошгүй” … Наймдугаар сарын сүүлээр Вашингтон Пост сонинд гарсан мэдээллээс…
АНУ-ын үндэсний аюулгүй байдлын хорооны тэргүүлэг ч генерал Кит Алкександр болоод түүний хамтран зүтгэгчдийн мэдээлж буйгаас харвал ердөө ийм зүйл байхгүй аж. Өнгөрсөн хугацаанд канцлер болоод өөр бусад улсын төрийн тэргүүнүүдийн утсыг чагнаагүй, тагнуулын ажиллагаа зохион байгуулаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа. Зарим хувийн блогчид болоод бусад хэвлэл, мэдээллийн хэрэгсэл үүнийг Европийн холбооны ээлжит нүүдэл хэмээн харж байгаа. Учир нь сүүлийн жилүүдэд гарсаар байгаа дипломат алдаануудын дөрөөн дээр өндийж нэр хүндийг нь унагаах санаатай явуулга ч байж болзошгүй байна. Гэхдээ АНУ ямар нэгэн байдлаар үгүйсгэсэн мэдээлэл хийж байгаа ч тэр болгон нотлогдохгүй. Герман болоод бусад орны хэвлэлээр гарч байгаа мэдээлэл ч баримтаар нотлогдоогүй байна. Тодорхой зүйл гэвэл АНУ болон Германы хооронд хөшиг татагдлаа…

2011 оны Эрх чөлөөний төлөөх медалийг Ангела Меркелд гардууллаа
Жич: АНУ өмнө нь Сноудений мэдээлэл цацагдсаны дараа няцаах оролдлого хийж байсан ч энэ мэдээллийг Жон Керри зарим талаараа хүлээн зөвшөөрч, Сноуденийг АНУ-д авчрах тал дээр хамтран ажиллахыг уриалж байсан.