Нисдэг тэрэгний осол юу болов?

Хуучирсан мэдээ: 2013.10.28-нд нийтлэгдсэн

Нисдэг тэрэгний осол юу болов?

Хоёр долоо хоногийн өмнө Багануур дүүргийн нутаг дэвсгэрт “A-Jet“ компанийн Ми-8 нисдэг тэрэг осолдож олон нийтийн дунд “Зорчигчид нь хэн байв, онгоц 15 метрийн өндрөөс уналт хийхэд биедээ гэмтэл авалгүй эсэн мэнд үлдэж чадсан тэд төмөр мэт биетнүүд үү. Нисэх багийнхан аваарын дохиог өгсөөр байхад Иргэний нисэх газрынхан анзаараагүй нь үнэн үү” гээд олон асуудлыг тавьсаар байна. Юутай ч нисдэг тэрэг хөлөглөн явсан зорчигчдын нэрс тодорхой болсон. Тодруулбал, “АПУ" компанийн дэд захирал Л.Батжав, Голомт банкны дэд захирал Г.Ганхуяг, Харш" констракшны захирал Н.Батболд, "Үүд трейд" ХХК-ийн Н.Бат-Орших, "Oversee" компанийн захирал Н.Алтан-Очир, "DF" ХХК-ийн захирал Б.Баяр, тэднээс нэг нь хүүхдээ дагуулж явсан гэх мэдээллийг хэвлэлүүд өгч байгаа.

Хэдийгээр нисдэг тэргийг дахин ашиглах боломжгүй болсон ч зорчиж явсан эрхмүүд нь бүгд эсэн мэнд байгаад олон нийтийн зүгээс нисэх багийнхны ур чадварыг биширхэд хүргэж буй. Урьдчилсан байдлаар хуй салхинд дайрагдсан байж болзошгүй гэх мэдээлэл ч цацагдаад амжсан. Тийм болохоор яалт ч үгүй Ми-8 нисдэг тэргийг жолоодож явсан багийнханы ур чадварыг бишрэхээс аргагүй. Харин тэдэнд Эрүүгийн хэрэг үүсгэчихсэн байгаа, гол нь нисэх багийнхнаас илгээсэн дохиог Иргэний нисэхийнхэн хариуцлага алдаж, анзааралгүй өнгөрөөсөн бол хэнийх нь буруу болох вэ гээд олон асуудал хуулийн байгууллагынхны шалгалтын дүнд тодорхой болох биз. Мөн албаныхан энэ сарын 28-нд нисдэг тэрэгний ослын шалтгаан тодорхой болно гэх тайлбарыг өнгөрсөн долоо хоногт өгсөн. Тиймээс асуулт дагуулсан олон зүйл дээрх дүгнэлтээр тодорхой болоосой хэмээн найдаж буй ч дээрх ослоос холбогдох бүхий л хүмүүс нь сургамж авсан байх нь чухал билээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж