Нарантуул худалдааны төвд наймдугаар сарын 23-ны өдөр гарсан галын дүгнэлт гарсан. Гэхдээ чухам юуны учир гал гарсныг холбогдох албаныхан тодорхой хэлээгүй. Тиймээс бид Улсын Мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцогоос зарим зүйлийг тодрууллаа.
-Олон улсын “Нарантуул”худалдааны төвд гарсан галын дүгнэлт гарсан гэж хэдэн өдрийн өмнөөс бичигдэх болсон. Харин өнгөрсөн баасан гаригт албан ёсоор дүгнэлт гарсан гэх юм?
-2013 оны наймдугаар сарын 23-ны өглөөний зургаан цаг 10 минутад олон улсын “Нарантуул” худалдааны төвд гал гарч, Онцгой байдлын газарт галын эхний дуудлага зургаан цаг 21 минутад ирсэн байдаг. Дээврийн материалаас үзэхэд гал тархах хурд нь объектийн нэг, хоёрдугаар давхрын гал тархах хурднаас харьцангуй өндөр байх үндэслэлтэй. Дээврийн төмөр нь галын дөлөнд уярч гол хэсгээрээ дотогш нумарч унасан байсан нь гал унтраах болон эд зүйлийг аврах ажиллагаанд их хүндрэл учруулсан. Хүнсний зах бүхэлдээ шатсан тул цахилгаан сүлжээ ямар байсныг тодорхойлох боломжгүй, харин цахилгааны 103 самбарыг хурааж авсан. Гал унтраах үйл ажиллагаанд манай мөрдөн байцаагч нар, галынхан гээд үүрэг гүйцэтгэгч алба хаагч нар нийт 33 цаг ажилласан. Галын дүгнэлтийг иргэд их сонирхож байгаа. Мөрдөн байцаагчийн шинжээч томилсон тогтоолын дагуу онцгой байдлын газрын галын шинжээч гурван хүний бүрэлдэхүүнтэй комисс ажиллаад дүгнэлтийг албан ёсоор 2013 оны аравдугаар сарын 24-ний өдөр гаргалаа.
-Галын дүгнэлтээр гал яг юунаас үүссэн нь тогтоогдсон уу. Олон янзын таамаглалууд яригдаж байсан, Ш.Сайхансамбуу захирал гадны нөлөөтэй, дэлбэлсэн гэх мэтээр ярьж байсан шүү дээ?
-Уг дүгнэлтээр хүнсний захад санаатайгаар гал гаргасан гэх ул мөр, шинж тэмдэг огт илрээгүй. Тэсэрч, дэлбэрэх бодисын нөлөөгөөр гал үүссэн гэх дүгнэлт гараагүй. Гал гарсан шалтгаан нь хүнсний зах дотор үйл ажиллагаа явуулж байсан цайны газрын цахилгаан дамжуулах сүлжээнд шилжилтийн эсэргүүцэл үүссэний улмаас гал гарсан гэсэн дүгнэлт гарсан. Тэр гал өдөөгдөж цааш гал ихсэх шалтгаан болсон. Гал гарахад байлдааны болон уул уурхайн зориулалтын тэсрэх, дэлбэрэх болон бензин, солярка, шатамхай бодис нөлөөлсөн гэх зүйл огт алга байна..
Харин гал гарсны дараа хүнсний зах дотор байсан хийн баллон, шүршдэг үнэртэй ус, баллонтой үнэртэн, 50 орчим ширхэг 18 литрийн савтай шар тос, бусад бүтээгдэхүүнүүд галыг богино хугацаанд дэлгэрч, тархахад маш хүчтэй нөлөөлсөн. Дээврийн төмөр хийц, шаланд үзлэг хийхэд байлдааны болон уул уурхайн зориулалтын тэсэрч, дэлбэрэх бодисонд өртсөн гэх шинж тэмдэг байхгүй, дээврийн төмөр их хэмжээний халуунд уяраад доош унасан, унахдаа дор байсан ямар нэгэн механик эд зүйлийг цохиж тэнд доороос дээш чиглэлтэй цооролт үүссэн байсан. Дээврийн төмөр шаталтанд улайсаад залгаасаараа цоорч урагдсан. Бид дээврийн төмрийн цооролттой хэсгийг хэсэгчилж тасалж авч үзээд өөрсдийн шинжээчийг томилж дүгнэлт гаргуулахад галын шинжээчийн дүгнэлттэй таарч байсан.
-Галын дүгнэлт гаралгүй нэлээд удсан, энэ нь юутай холбоотой вэ?
– Бид, манай мөрдөн байцаагч нар энэ хэрэг дээр үнэхээр уйгагүй ажилласан гэдгийг хэлэх хэрэгтэй. Хэргийн газрын үзлэгийг нийт зургаан удаа хийсэн, хамгийн сүүлд хохирогч нарын төлөөллийг байлцуулан шаланд бүрэн цэвэрлэгээ хийсэн. Ер нь хэргийг шалгах үйл ажиллагаа болгонд хохирогчдын төлөөллийг байлцуулж бүх цахилгааны утас, хийн баллон, шаардлагатай эд зүйлсийг зайлуулж авсан. Шинжээч томилон нийт 53 төрлийн дүгнэлт гаргасан.
-Ш.Сайхансамбуу хэрэг явдлын талаар ярилцлага өгөхдөө гурван ширхэг сум олдсон, ер нь гадны нөлөөтэй гэж байсан. Энэ үнэн үү?
-Хэргийн газрын нөхөн үзлэгээр гурван ширхэг ака бууны хонгио хураагдсан. Тэр сум бол буудлага үйлдээгүй, бүтнээрээ байсан сум гэж үзэж болно. Энэ нь их хэмжээний галд хошуу хэсэг нь хайлаад хонгионоос /хойд гол төмөрт цохигчгүй болсон/ салсан байдалтай олдсон. Энэ утгаараа галыг өдөөсөн зүйлгүй, буудагдаагүй сум юм. Нарантуул зах дээр ил, далд хууль бус аргаар их хэмжээгээр зарагддаг, ака бууны сум. Хэн нэгэн лангууны эзэнд хадгалагдаж байжээ гэж ойлгож болно.
-Энэ хэрэгт хичнээн хүн хохирсон бэ. Хохирогчид хохирлоо зарж борлуулдаг үндсэн үнээсээ илүү өртгөөр үнэлж байгаа гэх юм. Энэ талаар ямар тодорхой мэдээлж болох уу?
-Энэ хэрэгт нийтдээ 448 хүн хохирогчоор байцаалт өгч нийлбэр дүнгээрээ 16 тэрбум 371 сая гаруй төгрөгийн эд зүйл байсан гэж тогтоосон. Үүнийг нь албан ёсны үнэлгээний комиссыг томилж шалгуулахад хол зөрсөн юм байхгүй. Нэг ёсондоо илүү үнэлж байгаа хохирогч нар байхгүй гэсэн үг. Үүнээс таван тэрбум 954 сая төгрөгийн эд зүйлийг мөрдөн байцаалтын шатанд хохирогчдод буцаан олгосон. Үлдсэн 10 тэрбум гаруй төгрөгөөр хохирогчид хохирчээ гэж үзэж болно.
-Хохирогчдод буцаан олгосон гэдэг нь хохирлыг Нарантуул захын эзэд барагдуулсан гэсэн үг үү?
-Хэргийн газрын удаа дараагийн үзлэгээр агуулахад байсан зарим эд зүйл нь бүрэн бүтнээрээ олдсон. Мөн бэлэн мөнгө, гадаадын мөнгөн дэвсгэртийг /америк ам.доллар/ олж хурааж авсан. Үзлэгийн явцад иргэдийн ломбардад тавьсан эд зүйл олноороо хураагдсан. Энэ бүх хурааж авсан мөнгө, ам.долларыг бид Монгол банкинд шинжээч томилж хүргүүлсэн.
Монгол банк бидэнд тусалж албан ёсоор шинжилгээний бүрэлдэхүүн томилж дэвсгэртүүдийг нэг бүрчлэн үзэн, сольж болох эсэх дээр дүгнэлт гаргаж ирүүлсэн. Нийтдээ 42 сая төгрөгийг Монгол банк бэлнээр сольж өгсөн. Энэ бол манай мөрдөн байцаагч нарын уйгагүй ажиллагааны үр дүн юм шүү. Уг мөнгийг хэн, хэний мөнгө болох талаар хохирогч нарын байцаалт, мэдүүлгийг нарийвчлан үзэж тогтоогоод тэдэнд хүлээлгэн өгсөн. Энэ нь бэлэн мөнгөнийх нь тал хэсэг нь галд шатаад тал нь үлдсэн хохирогч нар гэсэн үг шүү дээ.
-Гадаад валютыг бас солиулж нөхөн олгосон уу?
-Хэргийн газрын үзлэгээр хураагдсан 40 мянган ам.долларыг солиулах талаар АНУ-ын зохих газарт хүсэлт тавьж албан бичиг явуулсан. Одоогоор ямар нэгэн хариу ирээгүй, хүлээж л байна даа.
-Хэдийгээр түрээслэгчдийн эрх ашгийг илүүд үзэж байгаа ч Нарантуул худалдааны төвийн эзэд ч хохирч байгаа. Энэ хохирлыг давхар тооцсон уу?
-Нарантуул ОУХТ-ийн хохирлын асуудал энд огт ороогүй. Барилга байшингийн үнэлгээг тогтоохоор ажиллаж байна. Одоо тогтоогдоод байгаа учирсан хохирол дээр хэргийн газарт үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын хэрэглэсэн шатахуун, ус гээд бусад зардлууд ч нэмэгдэнэ.
-Нарантуул дотор үйл ажиллагаа явуулж байсан арилжааны банкууд хэр хохирол амссан бол. Хоёр ч бэлэн мөнгөний машин байсан гэдэг?
-Худалдааны төв дотор банкны хоёр бэлэн мөнгөний машин байсан. Уг мөнгийг мөн шинжээч томилоод галд өртсөн байдлаар нь Монголбанкинд аваачиж өгснөөр 21 сая төгрөгийг нь сольж Голомт банкинд хүлээлгэн өгсөн.