Зорилгоо биелүүлсэн айлчлал

Хуучирсан мэдээ: 2013.10.28-нд нийтлэгдсэн

Зорилгоо биелүүлсэн айлчлал

Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д дөрөв хоногийн албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд хоёр орны эдийн засаг, нийгмийн харилцааны хувьд стратегийн ач холбогдол бүхий үр дүнтэй айлчлал болсон гэдгийг талууд онцолсон. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн айлчлалын чухал  үйл явц нь “Монгол Улс, БНХАУ-ын  хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр”-т гарын үсэг зурсан явдал байлаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд улстөр, нийгэм, эдийн засаг, батлан хамгаалах, хүмүүнлэгийн салбаруудад хамтран ажиллах, зорилго, бодлогоо тодорхойлсон юм. Айлчлалыг Монгол Улсын болон БНХАУ-ын талын төлөөлөгчид амжилттай болсон гэж дүгнэж байгаа бөгөөд цаашид айлчлалын хүрээнд тохиролцсон асуудлаа хэрэгжүүлэх, бэлтгэл хангах шаардлагатай гэдгийг Ерөнхий сайд онцлон тэмдэглэсэн юм.

Шатахууны нийлүүлэлтийг 35-40 мянган тонноор нэмэгдүүлнэ

“Монгол Улс, БНХАУ-ын  хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд нүүрснээс хийн түлш гаргах үйлдвэр байгуулж, түлш үйлдвэрлэн экспортлох, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр болсон юм. Тодруулбал, Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн хийн үйлдвэр байгуулж, уг үйлдвэрийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, улмаар Хятадын зах зээлд борлуулахад тус улсын газрын тос, химийн “Синопек групп” корпорацитай хамтрах ажиллахаар болсон юм. Тус үйлдвэр эхний ээлжинд 15 тэрбум шоо дөрвөлжин метр хэмжээний шахах хий үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөсөн бөгөөд ийм хэмжээний шатахуун үйлдвэрлэхэд 50 орчим сая тонн хүрэн нүүрс ашиглах боломжтой болох юм.  Өнөөдрийн хүрэн нүүрсний ханшаар тооцвол нэг тэрбум ам.долларын ашиг олохоос гадна, 20 мянга гаруй ажлын байр бий болох боломжтой гэдгийг гэрээг үзэгчлэгчид онцолсон юм. Хүрэн нүүрсийг боловсруулан ашигласнаар байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний эх үүсвэр бий болох, химийн болон шатахуун үйлдвэрийн үндэс суурь тавигдах чухал ач холбогдолтой аж.  Үүнээс гадна Хятадаас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэхээр Уул уурхайн яамны Газрын тосны газар, Хятадын “Петрочайнаинтернэйшнл” компанийн хооронд санамж бичигт гарын үсэг зурсан. Монгол олборлож буй түүхий тосны хэмжээг нэмэгдүүлэх бодлого барьж буй учраас Монгол Улсад олборлосон түүхий тосоо БНХАУ-д боловсруулан МГЛ-93 автобензин болгон хэрэглэж буй. Нэг сард 10 мянган тонн хүртэл хэмжээгээр урд хөршөөс татан авахаар тохирсон бөгөөд Замын-Үүд өртөөнд шингэн түлш шилжүүлэн ачих төхөөрөмжийн өртгөтгөл ирэх сарын дундуур дуусах юм байна. Тиймээс дотоодын эрэлттэй уялдуулан Хятадаас авах шатахууны хэмжээг 35-40 мянган тонн болгон нэмэгдүүлэхээр болсон юм. Шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр дотоодын хэрэгцээг хангах, нийлүүлэлтийг тогтворжуулах, жижиглэнгийн худалдааны үнийн өсөлтийг бууруулж чадна гэдгийг  албаныхан онцолсон.





БНХАУ-ын тэтгэлгээр 1000 оюутан суралцана

Айлчлалын үеэр боловсролын салбарт хийх хоёр гол төсөл нь Хятадын Засгийн газрын тэтгэлэгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, Монгол Улсад анхны шинжлэх ухааны парк байгуулах шийдвэрүүд байлаа. Тодруулбал, хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын тэтгэлгээр жил бүр 1000 оюутан суралцахаар болов. Энэ нь таван жилийн хугацаанд хийсэн гэрээ бөгөөд нийт 5000 оюутан Хятадын Засгийн газрын тэтгэлэгээр суралцахаар тохиролцсон. Одоогийн байдлаар Бээжинд 1000, бусад хотуудад 700-800 оюутан суралцдаг юм байна.



Хятадын Хөгжлийн банк 240 сая ам.долларын санхүүжилт олгоно

Хятадын хөгжлийн банкнаас Монголын Хөгжлийн банкинд 240 сая орчим ам.долларын санхүүжилт хийхээр болов. Өөрөөр хэлбэл, Чингис бондын мөнгөөр хийж буй бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулахаар болж байгаа юм. Энэ мөнгөний хүү нь Чингис бондын хүүтэй ойролцоо нөхцөлтэй байх юм.Эдийн Засгийн хөгжлийн яамнаас бүтээн байгуулалт хийхээр Чингис бондын мөнгөнөөс санхүүжилт авч буй. Жишээлэхэд, нийслэлийн түгжрэлтэй, ачаалал ихтэй замуудад шинээр уулзвар байгуулах, бусад уулзваруудыг шинэчлэх зэрэг “Гудамж” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

БНХАУ-тай холбох дөрвөн боомт нэмэгдэнэ

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн айлчлалын үеэр Монгол Улсын төрийн өмчит “Монголын төмөр зам” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Таван толгой” ХК, “Энержи Ресус” ХХК болон БНХАУ-ын төрийн өмчит “Шэнхуа групп” корпораци “Гашуун сухайт” чиглэлийн төмөр зам барих асуудал дээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Хятадын тал болон Монголын талын төмөр замыг хоёр улсын хил рүү нэвтрүүлэх асуудал дээр нэг байр суурьтай болсон байна. Санамж бичгийн хүрээнд “Шэнхуа групп”-ээр ахлуулсан консерциум Монгол Улсын хилийн Гашуун сухайт боомтын өртөөг Хятадын Ганц модны хилийн боомттой холбосон ачаа тээврийн боомтын төмөр зам барьж “Монголынтөмөрзам” ТӨХК-д хүлээлгэн өгөх аж. Тодруулбал, Сүхбаатар аймагт нэг, Дорноговь аймагт нэг, Өмнөговь аймгаар хоёр боомтууд тус тус нэмэгдэх юм байна. 

Засгийн газрын зүгээс ОХУ, БНХАУ-ын талуудад нийслэлд хүрэлцэн ирж, төмөр замыг өргөтгөх асуудлыг ярилцахаар бичиг хүргүүлээд байгаа юм байна. Үүнээс гадна дан ганц төмөр замаар бус БНХАУ-аар дамжуулан далайн боомтод хүрэх тухай асуудлаар хэлэлцээрт өөрчлөлт оруулахаар тохиролцсон байна. Мөн сүүлийн хэдэн жилийн турш нарийн, бүдүүн цариг тавих талаар маргаан дагуулаад байсан бол Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, А.Гансүх сайд болон Хятадын талын Хөгжил шинэтгэлийн хорооны дарга, Тээврийн сайд нараас бүрдсэн ажлын хэсэг байгуулсан байна. Тус ажлын хэсэг ойрын хугацаанд төмөр зам, авто замын чиглэлээр хэрхэн ажиллах, нарийн цариг уу эсвэл өөр байх уу зэрэг асуудлаа шийдвэрлэх юм байна.

Ш.ЧИМЭГ

Эх сурвалж: "NEWS WEEK"сонин №35

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж