Хувь хүртээх ажил эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Хувь хүртээх ажил эхэллээ

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү, УБЕГ-ын орлогч дарга С.Энхбаатар, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын дарга Д.Баярсайхан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийж 18-аас дээш насныханд 70 мянган төгрөгийн хувь хишгийг эх орон даяар түгээх ажлыг маргаашаас эхлэхээр болсныг зарлалаа. Хүний хөгжил сангаас түгээх 70 мянган төгрөгийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа юм. Эхний ээлжинд цагаан сарын өмнө өндөр настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд уг мөнгийг түгээсэн бөгөөд энэ дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар нэг сая 157 мянга 704 хүн 70 мянган төгрөгөө авсан нь нийт авах ёстой хүмүүсийн 95 хувь болжээ.
Харин хоёрдугаар үе шат маргаашаас эхэлж иргэний бичиг баримтын зөрчилгүй 18-аас дээш насны иргэдэд хишиг хувь хүртээх ажлыг эхлүүлэхээр болжээ. Хишиг хувь хүртэх дэвтрээ нээлгэснээс долоо хоногийн дараа нийслэлд, 14 хоногийн дараа сумдад мөнгө тарааж эхлэх ажээ. 2010 оны нэдүгээр сарын 1-нээс хойш нас барсан иргэдийн хувь хишгийг хууль ёсны өв залгамжлагчид нь өгөх аж. Иргэд иргэний үнэмлэх хуулбарын хамт, 16-гаас доош насны хүүхдийн төрсний гэрчилгээ, эх эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт, нэг хувь цээж зураг, нас барагсдын хувьд нас барсны гэрчилгээ, хуулбарын хамт, гадаадад амьдарч байгаа иргэдийн хувьд Монгол Улсаас тухайн улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт, итгэмжлэл, асрамжийн газарт байгаа хүүхдийн асрамжийн газрын тодорхойлолт, гэр бүлийн хуулиар асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон бол сум, дүүргийн Засаг даргын шийдвэр, түүний хуулбар хэрэгтэй юм байна.
Түүнээс өөр бичиг баримтыг иргэдээс шаардахгүй гэнэ. Гэрэл цахилгаан, хогны хураамж барагдуулсан төлбөр тооцоо, дэвтэр зэргийг нэхэх ёсгүй юм байна.Мөнгөө цагтаа авч чадаагүй иргэд боломжтой үедээ хэзээ ч мөнгөө авч болох ажээ.
                      
Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж