Архидалтын эсрэг онол, практикийн бага хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Архидалтын эсрэг онол, практикийн бага хурал боллоо

Хууль зүйн дотоод хэргийн яамнаас зарласан Аюулгүй, амар тайван орчин сарын аяны хүрээнд олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулж байна. Уг ажлын хүрээнд өчигдөр Дархан-Уул аймагт “Архидалт, мансууралтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын цаашдын зорилт” сэдвийн дор онол практикийн бага хурлыг зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд таван архи, спиртний үйлдвэр, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 38 кафе, 4 ресторан, 95 баар, 353 хүнсний дэлгүүр албан ёсоор зөвшөөрөлтэй байна. Үүний цаана хэдэн газар хууль бусаар архи, согтууруулах ундааг худалдан борлуулж байгааг хэлэх аргагүй юм. Дээрх нөхцөл байдал нь үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тал орчим хувийг согтуугаар үйлдэх шалтгаан болж байгааг ч үгүйсгэхгүй. 2010 онд согтуугаар үйлдсэн 211 хэрэг бүртгэгдэж байсан. Харин он гарсаар эхний улирлын байдлаар 1334 хүн эрүүлжүүлэгдсэн харамсалтай баримтыг энэ үеэр аймгийн Цагдаагийн газраас хийлээ.

Мөн энэ үеэр архидан согтуурах хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх нь, согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын зорилт болон хүн амын архины хэрэглээний төвшинд хийсэн судалгааг танилцууллаа. Ингэснээрээ аймгийн хэмжээнд архидалт хэр байгааг цагдаа, эрүүл мэнд, боловсрол, төрийн удирдлага гээд салбар бүрийнхэн тодорхойлохоор эрэлхийлсэн юм. Нийгмийн өмнө тулгамдсан томоохон асуудал архидалт. Насанд хүрэгсэд гэлтгүй хүүхэд залуусын дунд ч архины хэрэглээ өндөр байна. Үүнээс салах арга замыг сургалт, сурталчилгаа хэмээн тодорхойллоо.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж