МАН-ын Их хурал завсарлалаа

Хуучирсан мэдээ: 2013.10.27-нд нийтлэгдсэн

МАН-ын Их хурал завсарлалаа

МАН-ын Их хурал Соёлын төв өргөөнд болж байгаа бөгөөд одоо түр завсарлаад байна. Хэсэг хугацааны дараа буюу 15.00 цагаас үргэлжилнэ. Хуралдааны эхэнд МАН-ын дарга Ө.Энхтүвшин улстөрийн илтгэл тавилаа. Тэрээр илтгэлдээ

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө!
Хүндэт зочид, хатагтай, ноёд оо!

МАН-ын 230 шахам мянган гишүүнийг төлөөлж сонгогдон тэднийхээ итгэл сэтгэлээр жигүүрлэн Их хуралдаа ирсэн төлөөлөгч нөхөддөө чин сэтгэлийн баяр хүргэж, амжилт хүсье!. Мөн хүндэт зочиддоо гүн талархал илэрхийлье!

МАН-ын ээлжит энэ Их хурал ажлаа хэрхэн зохион байгуулж, ямар шийдэр гаргахыг ширтэн харж, догдлон хүлээж буй ард иргэд, манай намын мянга мянган гишүүд дэмжигчиддээ Та бүхний өмнөөс халуун мэндчилгээ дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

МАН-ын XXVI Их хурлаас хойш яг З жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд олсон, алдсанаа дэнсэлж үзвэл, тэр нь илүү, энэ нь бага гэж дүгнэхэд амаргүй байна. Үүнийг яг нарийн жигнэж тогтоох гэж оролдох нь энэ тэргүүний зорилго биш ч байж мэднэ. Бидэнд ололт амжилт, алдаа оноо аль, аль нь  байгаа.

Энэ хугацааны ихэнхэд нь бид Ардчилсан намтай хамтарч Засгийн эрхийг барьсан.

Ард түмнээ гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж, эхлэл, суурийг нь тавьсан, үргэлжлүүлсэн, дуусгасан ажлуудыг нэрлэ гэвэл маш урт жагсаалт гарах болно.

Оюутолгой, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулан, түүний үр шимийг ард иргэддээ хүртээсэн, Атрын III аяныг амжилттай өрнүүлж гурил, төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг өөрийн үйлдвэрлэлээр бүрэн хангасан, “Монгол мал” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж малын тоо толгойг зарим жилд 50 шахам саяд хүргэсэн, оюутнуудыг үндэсний тэтгэлэгтэй болгосон, олон аймгийг нийслэлтэй авто замаар холбох ажлыг шинээр эхлүүлж хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг хэд хэдэн удаа нэмэгдүүлж, өрхийн орлогыг дээшлүүлсэн, ялангуяа орлого багатай, хөгжлийн бэрхшээлтэй, өнчин өрөөсөн, өндөр настан иргэдээ онцгой анхаарсан зэрэг бодитой ажлуудыг хийж, чамлахааргүй үр дүн гаргасныг хэн ч үгүйсгэж чадахгүй. Хөгжлийн хураангуйлсан үзүүлэлтийн нэг болох эдийн засгийн өсөлт энэ жилүүдэд төлөвлөснөөс илүү хангагдаж  тухайлбал, 2011 онд 20,2 хувьд хүрсэн гэдгийг саяхан Засгийн газраас УИХ-ын гишүүдэд тараасан Монгол Улсын 2014 оны төсвийн төслийн танилцуулгад /17-р хуудас/ онцлон тэмдэглэж хүлээн зөвшөөрсөн байна. Ийм өндөр өсөлт үзүүлсэн улс дэлхий дээр тухайн жилд тийм ч олон биш байх аа. Эдийн засгийн өндөр өсөлтийн үр шим яагаад айл өрхийн хаалга, цонхоор орж ирсэнгүй вэ, гол автор нь болсон МАН 2012 оны сонгуульд юуны учир ялагдав гэж зарим хүн асууж, шүүмжилдэг. Эдийн засгийн өсөлтийн үр өгөөж айл өрхийн амьдралд тэр даруйдаа тусч мэдрэгддэггүй боловч аажимдаа их, бага ямар нэг хэмжээгээр заавал нөлөөлдөг гэж дэлхийн томоохон эдийн засагчид, судлаачид тайлбарладаг. Энэ оны 8 дугаар сарын статистикийн нэгдсэн үзүүлэлтийг аваад үзэхэд, 2013 оны II улирлын эцэст нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 841,2 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 93,8 мянган төгрөг буюу 12,6 хувиар нэмэгдсэн гэжээ. Эдийн засгийн байдал улам хүндэрсээр буй энэ үед, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэг ч төгрөгөөр нэмээгүй байхад яагаад ийм үзүүлэлт гарав гэдэг нь сонирхол татна. Энэ бол өмнөх жилүүдийн эдийн засгийн өндөр өсөлтийн үр дүн хожуу ч гэсэн гарч буй хэрэг. Мөн жижиг, дунд бизнесийг 19 хуулийн 243 заалтын хөнгөлөлт, чөлөөлөлтөөр хүчтэй дэмжиж ирсний өгөөж юм. Түүнчлэн оюутан хүүхдүүдийнхээ сургалтын  төлбөрийг хэдэн малаа зарж байж ард нь гардаг байсан малчдын тэр дарамтыг 2 жил дараалан төр нуруун дээрээ үүрсэнтэй холбоотойг ч бас тооцох ёстой. Эдийн засгийн өндөр өсөлт болон дээрх хүмүүнлэгийн арга хэмжээнүүд дараа дараагийн жилүүдэд тогтвортой үргэлжилсэн бол айл өрхийн орлого бүр дээгүүр үзүүлэлттэй гарах байлаа. Оюутолгойд хөрөнгө оргуулагч “Рио Тинто”, Тавантолгойгоос, нүүрс импортлогч “Чалко” компаниудаас 600 сая ам.долларын урьдчилгаа авч их хэмжээний өр үүсгэсэн хэмээн өнөөгийн эрх баригчид  бүхэлд нь харлуулан сурталчилдаг мөнгөний  тэрхүү урсгал нь хэн нэгэн юм уу, хэсэг бүлэг хүний халаасыг түнтийлгээгүй, харин тэр чигээрээ ард түмэнд орлого болон очсон нь үнэн юм.

Бас нэгэн үзүүлэлтийг дурдахад, 2012 оны дүнгээр, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 14 их наяд төгрөгт хүрч нэг хүнд ногдох орлого 3335 ам.доллар болсон юм.

Өмнөх Засгийн газар 2012 оны сонгуулийн өмнө бондын арилжаагаар гадаадаас 580 сая ам.доллар босгон нэг ч цент заралгүй Хөгжлийн банкинд үлдээсэн. Нэг үгээр хэлбэл, хөрөнгийг нь босгоод тууз хайчлах эрхийг нь өнөөгийн эрх баригчдад шилжүүлсэн.

Гэвч нийгмийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийг түргэтгэх, хүн төвтэй хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж ирсэн нам маань сүүлийн 3 сонгуульд амжилтгүй оролцлоо. Үүний шалтгааныг хоёр гуравхан зүйлээр хялбархан тайлбарлах аргагүй юм. Манай намын олон мянган гишүүд, дэмжигчдийн хамтын тэмцлийн үр дүнг сэтгэлийн хөдлөлөөр юм уу, эсвэл  явцуу сонирхлын үүднээс хандаж амархан дүгнэж болохооргүй байна. Их хөнгөхөн дүгнэх гэж оролдох юм бол ялагдлын шалтгааныг  бодитой олж харан, үнэн, зөв сургамж авч, цаашдын зорилт, зорилгоо олигтой тодорхойлж чадахгүй нь ойлгомжтой. Дахин бүр том алдах магадлалтай.

Сонгуулиудад амжилтгүй оролцсон дүнгийн талаар намын Бага хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хороо, үүрүүдийн хурлаар хэлэлцэж шалтгааныг нь оношлохоор нэлээд сайн ярилцсан гэж бодож байгаа. Энэ талаарх гишүүд, дэмжигчдийнхээ санал, бодлыг хураангуйлан өгүүлбэл:

  • Дэмжигчдийн санал 2 намд хуваагдсан;
  • Намын дотоод эв нэгдэл суларсан;
  • Гишүүд дэмжигчдээ нийтэд нь идэвхжүүлж сонгогч олон түмний гүнд орж зүрх сэтгэлд нь хүрч нөлөөлж чадаагүй;
  • НАШБ-уудаа түшиж ажиллах талаар олигтой анхаараагүй;
  • “Ерөнхийдөө л болох байх, наанадаж хамтарсан Засгийн газар дахин байгуулагдана” гэж тооцоолж тайвширсан, Засгийн газраас хэрэгжүүлсэн ахицтай ажлуудыг ард түмэн ойлгож, бүрэн дүүрэн байгаа мэтээр төсөөлж сурталчилгааг алгуурласан, сөрөг хүчнээ дутуу үнэлсэн;
  • Улс төрийн өрсөлдөөнд гол үүрэг гүйцэтгэх ёстой идэвхтэн, сонгуультнууд маань сэтгэлээ жигд өгч зүтгээгүй;
  • Нэр дэвшүүлэх хүмүүсээ сонгохдоо дутуу тооцсон, намын гишүүдээс сонгуулийн өмнө ирүүлсэн санал, судалгаанд ач холбогдол өгөөгүй.
  • Хүн амын олонх болсон залуучуудтай ойртож, тэднийг татах чиглэлээр хийсэн ажлууд хэлбэрдэхээс цааш хэтрээгүй;
  • Сонгуулийн удирдлага, зохион байгуулалт, сурталчилгаа, ПИАР-ын ажил сул байсан;
  • Орчин цагийн сонгуулийн менежмент, арга технологийг эзэмших тал дээр хоцрогдсон гэсэн шалтгаануудыг дээрх шат, шатны Хурлууд дээр тойрч ярьсан байна.

Мөн санал тоолох хар машин, Сонгуулийн тухай хуультай холбоотой элдэв луйвар гарсан гэдэг эргэлзээ олон түмний дотор өнөө хэр арилаагүй хэвээр байна.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль түүхэнд үзэгдээгүй шударга бус, хүч тэнцвэргүй нөхцөлд явагдсаныг өнгөрсөн наймдугаар сард болсон Бага хурал дээр онцлон тэмдэглэсэн” хэмээн МАН-ын дарга Ө.Энхтүвшин онцлон дурдсан юм.

Дээрх илтгэлийн дараа МАН-ын Их хурлын төлөөлөгч “Үнэн сонин”-ы эрхлэгч Ж.Мөнхбат Их хуралд оролцож байгаа төлөөлөгчийн бүрэлдэхүүний талаар танилцууллаа. Одоо Их хурал завсарлаад байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж