Далайн хөдөлмөрийн тухай конвенцид нэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.27-нд нийтлэгдсэн

Далайн хөдөлмөрийн тухай конвенцид нэгдэнэ

Дараах хуулийн төслүүдийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конценцид нэгдэн орох тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Манай улс далайд гарцгүй орнуудын нэг боловч төрийнхөө далбааг мандуулсан хөлөг онгоцоор олон улсын далайн худалдаа, тээврийн үйл ажиллагаанд оролцох, далайн нөөц баялгаас хувь хүртэх зорилгоор сүүлийн жилүүдэд зохих үр дүнд хүрч байгаа.

2003-2012 онд Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд 30 орчим улсын 5 сая тн-ын даацтай нийт 2156 онгоц бүртгэж, улсын төсөвт 2,8 тэрбум орчим төгрөгийг бүртгэлээс оруулжээ. Үүнээс 350 онгоц манай улсын бүртгэлд бүртгэгдэн манай улсын төрийн далбаа мандуулан гадаад их далайд тээвэр хийж байна. Эдгээр онгоцуудад ажиллаж буй далайчдын хөдөлмөрлөх нөхцөл, цалин хөлс, ажлын байранд тавигдах шаардлагад далбааны эзэн улсын хувьд манай зүгээс анхаарч, шаардлага хяналт тавьж чадахгүй байгаа.

Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конценцид нэгдэн орсноор манай улсаас хяналт тавих, хөлөг онгоцны эзэд, эзэмшигчдийн зүгээс хүлээх хариуцлагыг өндөржүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Мөн Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн Конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэнэ

Манай “Гуравдагч хөрш”, Европын холбооны хамгийн гол түнш-Холбооны Бүгд Найрамдах Герман улстай манай улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой ирэх оны нэгдүгээр сарын 31-нд тохионо.

40 жилийн өмнө тогтоосон харилцаа өдгөө нийгмийн бүхий л салбарыг хамарсан хамтын ажиллагаагаар өргөжин тэлж “Иж бүрэн түшлэлийн” харилцаанд хүрчээ.

40 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газрын хуралдаанаар баталсан бөгөөд хорооны даргаар Гадаад харилцааны сайд Л.Болд ажиллана.

Хоёр орны хооронд 1974 онд дипломат харилцаа тогтоосон хэдий ч Монголын анхны сэхээтнүүд тус улсад боловсрол эзэмшиж эхэлсэн 1920-иод оны сүүл үеэс хамтын ажиллагаа эхэлсэн гэж үздэг. Энэ харилцаа эрчээ алдалгүй явсаар өнөөдрийг хүртэл 30 мянган монгол залуус Германд боловсрол эзэмшжээ.

Мөн 1995 онд манай улстай харилцааны үндсийн тухай хамтарсан тунхаглал байгуулж, харилцааны үндсэн зарчим, хамтын ажиллагааны чиглэлүүдээ тогтосон өрнөдийн анхны орон юм.

  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Бодлого зохицуулалтын газрын дарга Д.Цогт-Очирыг тус газрын Тэргүүн дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Тэрбээр 1996-2000 онд УИХ-ын гишүүн, 2004-2006 онд Байгаль орчны дэд сайд, 2009-2012 онд Сангийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо.


Эх сурвалж: www.zasag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж