Серена Уильямс хагас шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

Серена Уильямс хагас шигшээд шалгарлаа

WTA буюу Мэргэжлийн эмэгтэй теннисчдийн холбооны улирлын төгсгөлийн WTA Championships тэмцээн Туркийн Стамбул хотноо болж байна.

Шилдэг найман теннисчдын дунд болдог WTA Championships тэмцээний хагас шигшээд АНУ-ын Серена Уильямс шалгараад байна.

"Их дуулга" тэмцээний 17 түрүүт, WTA Championships гурван удаа түрүүлээд байгаа Серена Уильямс улаан хэсэгт багтсан бөгөөд гурван ялалт авснаар хэсгээсээ төвөггүйхэн шалгарлаа. Улаан хэсгээс хагас шигшээд шалгарах удаах эрхийн төлөө Германы Анжелья Кербер, Чехийн Петра Квитова нарын хэн хожсон нь шалгарах юм. Энэ хэсгээс Польшийн Агнешка Радваньска нэг ч хожил авч чадсангүй.

Харин цагаан хэсэгт Беларусын Виктория Азаренка, БНХАУ-ын Ли На, Италийн Сара Эррина болон Сербийн Елена Янкович нар багтсан. Энэ хэсгийн тоглолт сонирхолтой өрнөж, өнөөдөр болох тоглолтуудаас хагас шигшээд шалгарах теннисчид тодрох юм. БНХАУ-ын Ли На хоёр хожилтой, Азаренка, Елена Янкович нар нэг хожилтой байна. Өнөөдөр Азаренка vs Ли На, Сара Эррина vs Елена Янкович нар оноолт таараад буй.

Нийт шагналын сан зургаан сая ам.долларт багтаж байгаагаас ганцаарчилсан төрлийн аварга нэг сая 159 мянган ам.доллар, дэд аварга 535 мянган ам.доллар хүртэх юм. Харин хагас шигшээд шалгарвал 336 мянган ам.доллар, хожил аваагүй ч 135 мянган ам.доллар хүртэх юм. Хосын төрлийн аваргууд 460 мянган ам.долллар, дэд аварга 230 мянган ам.доллар хүртэх ажээ. Тэмцээний шигшээ тоглолт ирэх ням гаригт болно.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж