Оюутолгойн төслийн талбайд ажил оволзсоор

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

Оюутолгойн төслийн талбайд ажил оволзсоор

Монголчуудын
амьдралыг дээш нь “суга татах” амлалт өгсөн, дэлхийд “толгой цохих”
хэмжээний том бүтээн байгуулалт Монголд өрнөх сургаар хөрөнгө оруулалт
үлэмж нэмэгдэж, манай эдийн засгийн өсөлт хоёр жилийн өмнө 17 хувьд хүрч
байлаа. Харин одоо эдийн засгийн өсөлт 11 хувь руу буурч, “Оюутолгой”
төсөл маргаан дагуулсаар. Нийт төслийн 34 хувийг монголчууд, Канадын
“Turquoise Hill  Resources” компани 64 хувийг эзэмшиж байгаа.

Өмнөговь
аймгийн нутаг дэвсгэрт өрнөж буй Оюутолгойн бүтээн байгуулалтын үйл
явцтай танилцахаар хэвлэл, мэдээллийн багийнхан төслийн газрыг зорилоо.
Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх эдийн засгийн “Өөрчлөгч” клубын
сэтгүүлчид энэ удаад баяжуулах үйлдвэр, машин механизмын засвар,
үйлчилгээний төв, ил, далд уурхай, Ундайн гол орчмоор үзэж танилцсан.
Аюулгүй ажиллагааг тэргүүнд тавьдаг гэдэг нь ажилчдын автобусанд суухаас
эхлээд ажилчдын байр, хоолны газар, зам, талбай, үйлдвэрийн газар гээд
бүх газарт наасан, тэмдэглэсэн анхааруулгаас харагдах юм. Үүнийг илтгэх
брэнд гэмээр үг нь хэрэв та ажлаа хийж байхад аюултай гэж санагдвал тэр
дор нь хийж буй ажлаа зогсоо гэх утгатай. Энэ нь орчуулгын “модон” үг
мэт санагдавч олон улсын стандартад нийцсэн хөдөлмөрийн аюулгүй байдлыг
хамгаалсан гэдгээрээ чухал аж.

Оюутолгойн хөдөлгөгч хүч

Оюутолгойн
хөдөлгөгч хүч нь хүнд машин механизм биш, ер нь хаа газарт ч гэсэн
үйлдвэрлэлийг авч явж буй ажилтнууд нь.  Сүүлийн үед маргаанд орсон ч
гадныхны анхаарлыг эрхгүй татсан хэвээр байгаа “Оюутолгой” төслийг
гүйцэтгэх нүсэр ажилд одоогоор гадаад, дотоодын нийт  11 мянга гаруй
ажилтан ажиллаж буйгаас уурхай дээр 8300 гаруй нь ажиллаж байгаа. Үүнээс
94.08 хувь буюу 7,805 монголчууд, 5.92 хувь буюу 491 нь гадаадын
ажилтан ажиллаж байгаа талаар албаныхан хэллээ. Сүүлд Монголын болон
Канадын талын үл ойлголцлоос бол далд уурхайг түр хугацаагаар хааснаас
1700 гаруй монгол ажилчныг халсан. Үүнээс Оюутолгойн 64 үндсэн ажилтныг
бусад, хэлтэс, албаддаа эргүүлэн хуваарилжээ.

Одоогоор
тэнд туслан гүйцэтгэгч гэрээт 20 компанийн ажиллах цагийн хуваарь
харилцан адилгүй. Бүгд ээлжийн зохион байгуулалтад орж, нар мандахаас
өмнө ажлаа эхэлнэ. Ажилтнуудын хувьд хэцүү асуудал нь цалин, нийгмийн
үйлчилгээ бус, гэр бүлээсээ хол байх гэж хэлнэ лээ. Оюутолгойн уурхайн
үндсэн болон гэрээт ажилчид удаан ажиллаж аваад хэсэгтээ амрах байдлаар
бас л харилцан адилгүй. Болдогсон бол гэр бүлийнхнээсээ авчраад, эндээ
санаа амар ажиллахсан гэж ярих хүн олон. Гэвч хотынхон өмнийн говьд
олноороо ирж суурьшихад хүндрэлтэй, ажил төрлөө тэр чигээр нь хаяад ирэх
хүн цөөн юм даа.
Ил, далд уурхайд юу болж байна вэ?

“Оюутолгой”
төслийн хэрэгжиж буй талбай нийт 80 км2 юм. Ил уурхайд очиж, нэг амсарт
нь зогсон харж байхад асар том, уурхайн амны радиус 2-3 км, 100 метр
гүн гэнэ. Уурхайн ойр орчимд зогсч буй бусад нөхдөө холоос харахад наана
нь цэг төдий байх аж. Ил уурхайн ухсан дотор хэсгээр цайран шаргалтах
нь хөрс хуулалтаас үүссэн шороо бол сааралтсан нь хүдэр юм. Олборлолт
хийж буй хэсгийн ихэнх нь ийнхүү сааралтан байх бөгөөд хүдрийн
олборлолтыг өдөр, шөнөгүй хийсээр. Уурхайгаас нэг өдөрт 250 мянган тонн
шороо зөөн гаргаж, түүнээс 90 мянган тонн хүдэр гарган авдаг. Ингэхдээ
нэг өдөрт 24-25 машинаар 15-16 удаа рейс хийж буй бөгөөд хүдрээс
одоогийн байдлаар алт, зэс, мөнгө гарган авч буй.

Ил уурхай
жилдээ 100 сая тонн хүдэр гаргах хүчин чадалтай бөгөөд цаашдаа уурхайн 
гүнийг 550 метр болгох зорилттой юм гэнэ. Үүнээс илүү гүн байх боломжгүй
бөгөөд учир нь уурхайн ажиллагааны норм, дүрэмд зааснаар машин,
механизмын ажиллах чадах хүчин чадлаас хамаардаг ажээ. Энэ уурхай руу
унан одвол хаана нь хүрээд хэрхэх бол? гэсэн гэнэн бөгөөд сонин бодол
төрөм тийм л том бүтээн байгуулалт байна.

Харин газар доорх далд
“Hugo North” уурхайг дээр хэлсэнчлэн Монгол Улсын Засгийн газар,
Канадын “Turquoise Hill  Resources” –ын үл ойлголцлоос болоод үйл
ажиллагааг хаасан учраас бид хажуугаар нь явж өнгөрсөн юм. Далд уурхай
1300 метрийн гүнд таван м2 хэмжээтэй 200 гаруй км туннель барих
төлөвлөгөөтэй аж. Энэ алдартай уурхай хэзээ ажиллаж эхлэх нь тодорхойгүй
байгааг компанийн ажилтнууд хэлэх бөгөөд ямартай ч 2019 онд эцсийн
бүтээгдэхүүнийг гаргах талаар сонслоо. Уурхайн олборлолтыг нийтэд нь авч
үзвэл ил уурхайгаас нийт олборлох хүдрийн 20 хувийг, 80 хувийг далд
уурхайгаас гаргах юм байна.

Баяжмалын бүтээгдэхүүн нүдний өмнүүр

Монголын
баяжмалын бүтээгдэхүүн нүдний минь өмнүүр савлагдан өнгөрч байсан.
Цагаан уутанд савласан нэг бүр нь хоёр тоннын баяжмалууд Оюутолгойн
үйлдвэрээс гарч байна. Үйлдвэр дотор их чимээтэй, эрчимтэй. Аварга том
цагны дотор талд эд, анги нь наана, цаанаа орж, нэг нь ажиллахад нөгөө
нь ажилладагтай зүйрлэм. Баяжуулах үйлдвэрт нийт 550 гаруй ажилтан
ажиллаж байгаа гэдэг. Биднийг үйлдвэрт очиход маш цөөн ажилтнууд
харагдсан. Үндсэндээ үйлдвэрийн 95 хувь нь автоматжсан байна.

 Оюутолгойн
баяжуулах үйлдвэр зэс, алтны хүдрийг нунтаглах болон хөвүүлэн баяжуулах
уламжлалт технологиор ажилладаг байна. Үйлдвэр энэ оны нэгдүгээр сард
анхны хүдрээ хүлээж аваад үйл ажиллагаагаа жигдрүүлээд долдугаар сард
хүчин чадлынхаа 70 хувьд хүрч ажиллажээ. Одоо хүдэр боловсруулалтаар
хүчин чадлынхаа 90 хувьд хүрээд байгаа гэнэ. Гаргаж буй хүдрийн баяжмалд
зэс, алт, мөнгийг агуулдаг. Агууламжийн хувьд, нэг тонн хүдрийн
баяжмалаас зэс 25-30 хувь, алт 10-15 грамм, мөнгө 40-50 грамм гардаг
байна. Монголын гааль энд ажиллаж буй. Тодруулбал, баяжмалыг савлах
явцад дээжийг авч, уурхай дээрх хөндлөнгийн гаальд шинжлүүлснээр
худалдахад бэлэн болдог ажээ.

Ийнхүү эцсийн бүлэгтээ нэг өдөрт
ил уурхайгаас 90 мянган тонноор гарсан хүдрээс 1800 тонн баяжмал
боловсруулж, Гашуун сухайтын боомтоор БНХАУ руу гаргаж байна.

Оюутолгойгоос
гарч байгаа баяжмалд алт гараад байж, түүнийгээ Хятадад үнэгүй шахуу
өгчихөөд байна гэсэн яриа сонсдох болсон. Тэгвэл үүнд үйлдвэрийн
ажилтнууд “үйлдвэрээс гарсан баяжмалаас дээж авч, уурхайн талбай дээр
байгаа хөндлөнгийн лабораторид шинжилж агуулагдсан элементүүд болон
бусад хольцуудын агуулгыг тодорхойлдог. Үүнд үндэслэн хилээр гаргаж
байгаа учраас тийм асуудалгүй” гэж хариулсан юм.

Ийнхүү түүхэнд
онцлох том бүтээн байгуулалтын бодлогын асуудал маргаан ихтэй, манайд
хохиролтойгоор шийдэхгүй байхыг хичээж байгаа бол төслийн талбайд ажил
ид оволзсоор.







У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж