
Сүүлийн өдрүүдэд “Төмөр замыг нарийн царигтай болгох нь зүйтэй гэж үзжээ” гэсэн мэдээлэл зарим сайтад үзэгдэх болов. Энэ бол санал асуулга билээ. Санал асуулгын дүнд хэн, хэрхэн нөлөөлсөн нь бас сонирхолтой. Тиймээс энэ бол албан ёсны мэдээлэл, тэр тусмаа төрийн аль нэг байгууллагаас гарсан шийдвэр огт биш. Гэтэл энэ нь дутуу мэдээлэлтэй байгаа жирийн иргэдэд төмөр замыг нарийн царигтай тавих болсон юм байна гэсэн мэдээлэл өгч мэдэхээр байна. Үнэн хэрэгтээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өмнөх зөвлөмждөө өөрчлөлт оруулсан, УИХ төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг хэлэлцэн шаардлагатай бол өөрчилсөн тохиолдолд албан ёсны шийдвэр гэж үзэх учиртай.
Дараагийн нэг асуудал бол иргэн Л.Даваапил Зам тээврийн сайдыг “Самсунг” корпорацитай гэрээ хийхдээ мөнгө завшсан гэж үзэж буй тухайгаа цахим хуудсаар зарласан. Харин сайдын зүгээс АТГ-т хүсэлт гарган өөрийгөө шалгуулахаар болсоноо мэдэгдсэн юм. Үүний дараа тэрбээр Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд багтан өмнөд хөршийг зорьсон билээ. Төмөр замын салбарын тухайд нэг иймэрхүү. Дашрамд дуулгахад айлчлалын бүрэлдэхүүнд салбарын сайдаас гадна тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаяр, “МТЗ” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ нар явсан юм билээ. Харин тэднийг айлчлалаас ирсний дараахан Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болох нь.
Ирэх баасан гарагт товлоод байгаа энэ удаагийн хуралдаан нэлээд халуухан болж мэдэх юм. Магадгүй зарим эх сурвалжийн таамаглаж байгаачлан хойшлуулж ч болох юм. Ямартай ч уг хуралдаанаар төмөр замаас бусад салбартай холбоотой олон чухал асуудал хуримтлагдаад байгаа аж. Тухайлбал “Эрдэнэт үйлдвэр”-ийн алт, зэс, молибдений болон “Монголросцветмет” компанид хадгалагдаж буй Асгатын алт, мөнгө, зэс, молибден, газрын ховор элемэнт зэрэг баялгийг багц хувьцаа болгон олон улсын зах зээл дээр IPO босгох тухай яриа олон жил үргэлжилсэн. Энэхүү санал санаачилгыг эдүгээ бодит ажил болгох, үүний тулд Асгатын ордын чиглэлийн дэд бүтцийг сайжруулах тухай ажил нэлээд хурдацтай өрнөж эхэлсэн бололтой. Энэ тохиолдолд ОХУ-ын зүгээс нарийн төлөвлөгөөтэй ирнэ гэсэн мэдээлэл ч бий. Үүний зэрэгцээ тун удахгүй ОХУ-аас Монгол Улсад суух шинэ Элчин сайд хүрэлцэн ирж үүрэгт ажлаа хүлээн авна.
Шинэ Элчин сайдын тухайд “совет”-ын бүрэлдэхүүнд ажиллаад удаж байгаа, “Эрдэнэт” үйлдвэр, “УБТЗ” ХНН, “Монголросцветмет” компанийн аль алийг нь арван хуруу шигээ мэддэг. Ер нь монгол хэл, соёл, тэр ч байтугай албан тушаалтнуудын ааш араншинг сайн мэднэ гэдгээрээ эрс ялгарахуйц гэдгийг онцлон ярьцгааж буй. Тэр ч байтугай шинэ Элчин сайдыг ирсний дараа хоёр талын хувь нийлүүлсэн байгууллагуудын удирдлагын багийг шинэчлэх шаардлагатай. Энэ талаар Монголын талтай хэлэлцээ хийхээс ажлаа эхэлнэ гэсэн яриа ч шинэ Элчин сайдыг дагалдаж буйг нуух юун.
Ямартай ч хоёр хөрш шинэчлэлийн Засгийн газартай шинэ арга барилаар хамтран ажиллахаар гараагаа эхэлж байгаа бололтой. Энэ бүхэн Монголын талд аль болох өгөөж арвинтай байгаасай гэдэг нь ард түмний нийтлэг хүсэл эрмэлзэл билээ. Эдүгээ шинэчлэлийн Засгийн газар геополитикийн шинэ тактик боловсруулан ажиллахад саад болох том шалтгаан харагдахгүй байна. Харамсалтай нь хэрэв ийм саад тотгор гарах аваас дотоодоосоо, тэр тусмаа улс төрийн шалтгаанаар байх вий гэсэн эмзэглэлийг ойрын үеийн нөхцөл байдал, мэдээллүүд төрүүлж байгаа юм. “Хэчнээн сайн хөрөнгө оруулагч ч ашиг олж харсан учраас ирдэг”, “Үнэгүй бяслаг хавханд л байдаг” гэхчлэн өнгөрсөн 20 жилийн турш хатуу, зөөлөн олон зөвлөгөөг харийнхнаас сонссон монголчууд өнөөдөр Монголоо гэсэн сэтгэлээр нэгдэх цаг нэгэнт болжээ. Эргэн тойрноо харцгаа. Биднийг өөр хоорондоо таагүй байх тусам тэдэнт таатай байх тактикийн зарчим үйлчилж байна.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин