Монгол тас Денверийн хүрээлэнд суурьшжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

Монгол тас Денверийн хүрээлэнд суурьшжээ

Монголд өдөлсөн тас шувуу алс холын АНУ-ын Денвер хотын амьтны хүрээлэнгийн шинэ гишүүн болжээ. АНУ-ын биологичид Монголын нутаг дахь тас шувууны үүр, нүүдлийн талаар судалгаа хийж яваад Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Их нартын хад орчмоос далавч нь гэмтсэн эм тас олж, Америкт аваачсан байна. Зүүн далавч нь гэмтэж, нисч чадахааргүй болсон байсан тэр тас Монголын зэрлэг онгон талд амьд үлдэх найдвар тун бага байсан тул Америкийн биологичид нутагтаа аваачиж, тасыг эмчлээд “Азтай” хэмээн нэрлэжээ. “Азтай” хэдийгээр амьд үлдсэн ч дахин жигүүрээ дэлгэж, элэн халин эсэх боломжгүй болсон тул АНУ-ын биологичид түүнийг Денверийн амьтны хүрээлэнд аваачсан байна. Ингэж Монголд өдөлсөн тас шувуу Денверийн амьтны хүрээлэнгийн анхны монгол гишүүн болжээ.

Дашрамд, Евроазийн хар тас гэдгээрээ алдартай энэ шувуу Испаниас Ази даяар өргөн тархсан боловч сүүлийн жилүүдэд хууль бус ан, хортон шавьжтай тэмцэх химийн хор зэрэг олон шалтгааны улмаас мөхөж буй амьтдын тоонд ороход ойртсон гэнэ. Одоогоор тэдний тоо толгой зэрлэг байгалд 7-10 мянга хэмээн тоологдсон байна. Сонирхуулахад, Денверийн амьтны хүрээлэнд 3600 тоо толгой амьтан байдаг аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж