
-Ингэхэд тайзан дээр хийдэг та нарын хөдөлгөөн ямар учиртай хөдөлгөөн бэ?
-Өөрсдийнхөө сонирхолоор л хөдлөдөг. Тухайн аяараа өөрсдийгөө илэрхийлж байгаа нэг хэлбэр юм даа. Уг нь бүжиг дэглээд бэлдээд байдаггүй. Бүжиг гэж ярихад бас учир дутагдалтай. Шанз хөгжим хүнд, тэгээд босоогоороо тоглож байгаа учраас учиргүй бүжиглээд байж болдоггүй. Бидний хөгжмийг сонсож буй үзэгчиддээ инээмсэглэл, өөрсдийн тоглож байгаа шанзныхаа аялгуугаар бэлэг барих дуртай. Тэгээд ч хөлдүү юм шиг дэмий зогсолгүй аль болох чадах хэмжээгээрээ сэтгэлийн хөдөлгөөнөө гаргаж, үзэгчиддээ уран бүтээлээ хүргэхийг хичээдэг. Бидний өөрсдийгөө илэрхийлж буй л нэг хэлбэр юм л даа.
-Хөгжмөө яаж сонгодог вэ? Өөрсдөө ая зохиох сонирхолтой юу?
-Хуучны аялгуунуудыг шинээр найруулан тоглосон. Манай хамтлагийн эхний тоглож байсан бүх аязыг “Хурд” хамтлагийн продюсер Отгонбаатар ах зохиож өгсөн. Бидний шинэ тоглох аязыг н.Пүрэвсүх ах маань зохиож өгч байгаа. Цаашдаа өөр олон хөгжмийн зохиолчидтой хамтарч ажиллана гэж найдаж байна.
-Яагаад заавал хуучны ая сонгон найруулан тоглодог юм бэ?
-Бид нар чинь мэргэжлийн хөгжимчид. Шууд техник харуулсан хөгжим тоглох бас жаахан дутагдалтай. Тухайн хөгжмийг маань хүлээн авч сонсох хүн байна, сонсохгүй хүн ч бас бий. Тиймээс одоохондоо хүмүүсийн сонсох дуртай хуучны аялгууг ихэвчлэн сонгон ажиллаж байгаа. Сонсогчиддоо бага багаар ойртож байгаа гэх үү дээ.
-Электро хөгжимтэй хослуулан шанзаа тоглодог уу?
-Ямар нэгэн хөгжим жанрт баригдахгүй байхыг хичээдэг. Урьд нь амьд хөгжим, найрал хөгжимчидтэй хослуулан тоглож байсан. Гэхдээ ихэнхдээ электро, транс хөгжимтэй хослуулан тоглодог.
-Загвар өмсөгчид, жүжигчид гээд дурын л хүмүүс дуулаад, клип хийлгэдэг болчихсон. Та нарын хувьд ч гэсэн дуулаад үзэх сонирхол бий юу?
-Дуулах сонирхолтой шүү. Цаашдаа мэргэжлийн биш ч гэлээ өөрсдийн сонирхолдоо хөтлөгдөн дуулахыг үгүйсгэхгүй.
-Хэрвээ дуулбал ямар чиглэлээр дуулах вэ?
-Поп, R&B чиглэлээр дуулах байх. Гэхдээ аливаа зүйл анхнаасаа төгс бүрэлддэг гэж боддоггүй. Цаг хугацаа өнгөрөх тусам суралцаж хөгжсөөр байдаг. Өөрсдийн маань ч хувьд анхны уран бүтээл маань бидний сэтгэлд хүрэхгүй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хийж үзэж байж л өөрсдийнхөө арга барил хэв маягийг олох байх гэж бодож байгаа.
-Дуулдаг байж байгаад хөгжмийн ангид орсон гэж сонссон?
-Багадаа манай хамтлагийн хоёр гишүүн дуулдаг байсан. Тэр үед хүүхдийн “Цоглог” студийн дэргэдэх “Эрхэс” хамтлагт дуулж байсан. Багаасаа дуулж байсан болоод ч тэр үү, одоо хүртэл хаяж чадахгүй л байна. Одоо мэргэжлийн хөгжимчнөөр суралцаж байна. Хэрвээ боломж олдвол дуулах сонирхол их бий шүү.
-Шанзны гурвал хамтлагийнхан цомог гаргах уу?
-Мэдээж энэ бол зайлшгүй хийх ёстой зүйл. Уг нь сая өнгөрдөг зун CD гаргах гэж байсан ч зарим асуудлаас болоод гаргаж чадалгүй хойшлуулсан. Хүмүүс ч гэсэн бидэнд хэлдэг л дээ “Цомог гарга аа. Ядаж л машин дотроо сонсоод явмаар байна” гэж. Аливаа зүйлс чинь зөвхөн уран бүтээлээс шалтгаалахгүй, хөрөнгө мөнгөний асуудал их тулгардаг юм байна. Урлагийн тогоонд удаан чанагдах тусам урлагийнханд тулгамддаг асуудлуудыг их ойлгодог болдог. Манай хамтлагийн хувьд цомог гаргахын тулд өнгөрсөн зун намрыг хөдөлмөрлөж өнгөрөөлөө.
-Оюутнууд суралцахын хажуугаар энэ тэнд тоглоно, хажуугаар нь цомог гаргана. Хэр ачаалалтай байна вэ?
-Тийм шүү их шахуу. Бүх зүйлийг амжуулах гээд л гүйдэг. Өөрсдөө ч их хичээж байгаа. Хөгжим бүжгийн оюутнууд, хажуугаар нь энэ тэнд очиж тоглох гээд л ер нь их ачаалалтай байдаг. Одоо бараг шахуу хөтөлбөртөө дасч байх шиг байна.
-Танай хамтлаг бусдаас ялгарах гол онцлог юу вэ?
-Хөгжмийн хамтлаг зөндөө байгаа. Гоё ч хамтлагууд. Бүгдээрээ л манай хөгжим бүжгийн дээд ангийн ах, эгч нар. Манай хамтлагийн гол давуу тал гэвэл яг шанз хөгжмөөр дагнасан гэдгээрээ их онцлогтой. Одоохондоо яг бидэнтэй адилхан нэг хөгжмөөр дагнасан хамтлаг хараахан байхгүй байгаа. Аливаа чуулга, аливаа хамт олныг бүрдүүлэх тийм ч амар биш шүү.
-Хичнээн жилийн өмнөөс Хөгжим бүжгийн коллежид сурч байгаа вэ?
-Тавдугаар ангиасаа хойш сургуульдаа сурч байна даа. Манай сургуулийг Хөгжим бүжгийн коллеж гэж нэрлэгддэг боловч зарим мэргэжлүүд нь баклавраар төгсгөдөг. Сургуулийн маань хичээлүүд их ачаалалтай байдаг. Ерөнхий эрдмийн хичээлүүдээс гадна мэргэшсэн хичээлүүд нь ганцаарчилж ордог учраас их ачаалалтай, бас чанартай сургалттай гэж хэлж болно. Шанзны чиглэлээр тавдугаар ангиасаа эхлээд л сурсан. Одоо нэг хоёрдугаар курсын оюутнууд. Мэргэжлийн болохын тулд арван жил суралцаж байж сая нэг мэргэжлийн хөгжимчин болж гардаг.
-Та нарын мөрөөдөл юу вэ? Мэдээж залуу хүмүүс бүгд л мөрөөдөлтэй шүү дээ?
-Монголоо төлөөлсөн дэлхийн алдартай хөгжимчид болохыг хүсдэг. Урьд нь ичээд нэг их мөрөөдлөө хэлдэггүй байлаа. Азидаа алдартай хөгжимчин болно л гэж хариулдаг байсан. Харин одоо бид нар ичихгүй. Яагаад гэхээр Монгол үндэсний хөгжим гэдэг бол дэлхийд ердөө ганцхан байдаг зүйл. Шанз өөрөө ямар гайхалтай хөгжим билээ. Хамгийн гол нь Монгол гэсэн нэрийг л маш өндөрт өргөж явах хүсэлтэй дээ. Мөрөөдөл маань ч биелэх боломжтой гэж харж байгаа.
-Хамтлагтаа хүн нэмж, хасах уу? Яагаад заавал гурвуулаа байдаг юм бэ?
-Гурвын тоо нь маш учиртай л даа. Тайзан дээр харагдах байдал, хамгийн чухал нь дуугаралт. Гурван хоолой яаж дуугарах вэ? Шанзны хувьд хоёр болчихвол ямар дуугаралт хасагдах билээ, эсвэл дөрвөн дуугаралт болчихвол яаж дуугарах вэ гэдэг маш чухал. Тиймээс бүрэн бүтэн дуугаралтыг л гаргах нь чухал. Гурав бол илүү ч дуугарахгүй бас дутуу сонсогдохгүй. Мэдээж эмэгтэй хүмүүс цаашдаа өөр өөрсдийн гэсэн амьдрал зохионо. Жишээ нь хүүхэд төрүүлдэг ч юм уу? Тэр үед өөр хөгжимчин авч магадгүй.
-Хэрвээ хамтлагтаа хөгжимчин шалгаруулж авах бол ямар шалгуур тавих вэ?
-Мэдээж эмэгтэй хүн царай зүс гоё байх хэрэгтэй ч хамгийн чухал нь шанзны дуугаралт шүү дээ. Мэдээж хөгжим тоглох чадварыг нь л илүү харж авах байхаа. Шанз хөгжим тоглож байгаа эмэгтэй хүн угаасаа л их гоё харагддаг учир үзэмж нэг их харахгүй ээ.
-Сүүлийн үеийн урлагийнхан дунд төрийн дэмжлэг урлагт их муу байна гэсэн яриа гараад байгаа. Та нарын хувьд ямар бодолтой явдаг вэ?
-Яг сайн ажиллаж байна ч гэж хэлэхгүй л дээ. Тэр тал дээр угаасаа дутагдалтай байгаа байх. Хэрвээ төр тийм сайн ажилладаг байсан юм бол Монгол Холливудаас илүү байх ч боломжтой. Яагаад илүү байж болохгүй гэж. Гэхдээ хүмүүс нь өөрсдөө урлагт хайртай. Тийм учраас болно гэж бодож байна. Нийгмийн хамгийн ядуу төвшинд урлагийнхан зонхилдог гэж сонсч байсан. Үнэлэмжийн асуудал их дутагдалтай шүү. Жишээ нь урлагийн эрэгтэй хүн байлаа гэж бодоход цалингаараа ар гэрээ тэжээнэ гэдэг бол хэцүү. Ер нь төрөөс хангамж, эсвэл бодлого сайн байх хэрэгтэй юм шиг санагддаг. Урлагийнханд мэдээлэл их хомсдолтойгоос гадна гадагшаа ч тэр дотогшоо ч тэр холбоо их муу юм шиг. Бид нарт ямар ч мэдээлэл байдаггүй. Ёстой л бор зүрхээрээ явж байна гэхэд болно.
-Нэг байгуулгад очоод тоглолоо гэж бодоход хэд орчим төгрөгөөр тоглодог вэ?
-Нэг албан байгууллагад очоод тоглоход нэг саяар тоглодог. Ерөнхийдөө хоёр дуу тоглоод гардаг. Гэхдээ урлаг гэдэг зүйлийг мөнгөөр хэмжиж болдоггүй. Заримдаа уур амьсгал гоё хүлээж аваад хүмүүс ч гэсэн бид нарыг тоглуулах хүсэлтэй бол ахиад хоёр дуу тоглоод өгчихдөг. Алга ташилт гэдэг зүйл чинь өөрөө уран бүтээлчдэд маш их урам өгдөг юм. Тийм ч учраас аливаа урлагийг мөнгөөр хэмжиж болохгүй гэж боддог.
-Хамтлагаасаа гадна хийдэг ажил бий юу?
-Урлагаас салж чадахгүй байх аа даа. Сургуулиа төгсчихөөд Соёл урлагийн их сургуульд мастерт сурна гэж бодож байгаа.
-Хамтлагийхны чинь насыг асууж болох уу?
-18-25 насны бүсгүйчүүд.
-25 нас гэхээр охидын хамтлагууд дотроо “хөгшин”-дөө орох юм биш үү?
-Тэгэж бодохгүй байна. Урлагийн хүнд нас гэдэг асуудал биш гэж бодож байна. /Инээв/
-Мэдээж залуухан эмэгтэйчүүд учраас найз залуус байгаа биз дээ?
-Найз залуу байгаа байгаа. Мэдээж бүгдээрээ залуухан хүмүүс учраас байлгүй л яахав. Гэхдээ Элбэрэл бид хоёр найз залуутай, Нараа маань одоохондоо найз залуугүй. Хэлэх ёсгүй зүйлийг нь хэлчихээгүй байгаа. /Инээв/
-Цаг завгүй байдлыг чинь хэр ойлгодог вэ? Найз залуучууд чинь…
-Юу ч хийлгүй зүгээр болзоно гэж бараг л байхгүй. Ихэнхдээ бие биенийхээ ажлыг амжуулаад л явж байдаг. Яг уулзаад хамт суугаад байдаг үе бараг л байхгүй дээ.
-Манай урлагийнхан “Оддын өвчин”-өөр их өвчлөх гээд байдаг. Та нарт хэр халдварлаж байна даа?
-Оддын өвчнөөр ёстой өвчлөөгүй шүү. Цаашдаа ч өвлөхгүй гэж боддог. Хүн байгаагаараа байх л хамгийн гоё. Худлаа хамраа сөхөөд яваад байх бол дэмий. Юм хийгээгүй байж тэгэх чинь өөр юм, хийчихээд тэрүүгээрээ бахархаж байгаа бол өөр. Манай хамтлагийнхан бусад охидын хамтлагаас арай өөр юм шиг байгаа юм аа. Хөгжмөө бариад явж байхад хүн болгон таньдаг. Хөгжимгүй явж байх юм бол бараг хэн ч танихгүй. Тийм ч учраас бид нар хаана ч хамаагүй өөрийнхөөрөө байх боломж их байдаг. Хичээлийн завсарлагаанаар ангийнхантайгаа чөлөөтэй байх, хүссэн газраараа дураараа алхах гээд их эрх чөлөөтэй. Хүмүүс таньдаг болсон байсан ч бид гурвын энэ байдал маань өөрчлөгдөхгүй.