
Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт “А-Жет лимитед” компанийн “МИ-8” нисдэг тэрэг ослын буулт хийсэн. Тэгвэл энэ хэрэгт холбогдуулан нисэх багийн гурван хүнд эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм байна. Хүчтэй салхинд цохиулж, унах үед нисэх багийнхан овсгоо, самбаатай ажилласнаар хүний амь эрсдээгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Газар дээр нь очиж танилцсан мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар нисдэг тэрэг унахдаа газар нэлээд сэндийчсэн, их бие, эд ангийн бараг 70 хувь нь дахин ашиглахааргүй болсон байжээ. Хэрэвзээ нисдэг тэрэгний борт механикч Н.Нэргүй самбаа гаргаж техник хэрэгслээ унтраагаагүй бол дэлбэрэх аюултай байсан гэнэ. Нисдэг тэрэг дэлбэрсэн бол тэнд сууж явсан хүмүүсийн амь нас эрсдэлд орох байсан нь тодорхой. Онгоцны зорчигчид нисдэг тэрэг осолдсоны дараа арын хаалгыг нь онгойлгож гарсан байна. Уг нисдэг тэрэг дотор “АПУ” компанийн дэд захирал Л.Батжав, “Голомт” банкны дэд захирал Г.Ганхуяг, “Үүл трейд” компанийн н.Бат-Орших, “Оверсе” компанийн захирал а.Алтан-Очир, “DF”-ийн Б.Баяр, “Харш констракшн”-ын Б.Батболд нарын бизнесменүүд загасчлахаар явж байсан байна.
Ж.ЭРХЭС