
“World Series of Boxing” тэмцээнд тулалдахаар багагүй хугацаанд Азербайжанд амьдарсан дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт маргааш эх орондоо ирнэ. Олон улсын сонирхогчдын боксын холбоо (AIBA)-ноос санаачлан анхны жилдээ зохион байгуулсан WSB тэмцээнд Монголоо төлөөлөн Азийн бүсийн “Баку Файерс” багт тулалдсан тэрбээр нэгдүгээр сард Азербайжанг зорьсон юм. Тэнд байх хугацаандаа багаа төлөөлөн улирлын тоглолтод дөрвөн тулаан хийхдээ гуравт нь ялж, багаа Азийн бүсийн аварга болгож, хагас шигшээд шалгарахад хувь нэмрээ оруулсан билээ. Улмаар “Баку Файерс” хагас шигшээд Европын бүсийн аварга “Парис Юнайтед”-тай таарч, ялагдсанаар тэмцээнээ дуусгасан юм. Түүний хувьд WSB тэмцээнд хүч сорьсноор байнгын бэлтгэлтэй байж, туршлага хуримтлуулаад зогсохгүй санхүүгийн байдлаа ч дээшлүүлсэн гэж болно. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох учиртай Бакугийн рингэнд бэлтгэлээ хийж байсан тэрбээр хилийн дээс алхсанаасаа хойш дундуур нь нэг удаа эх орондоо, улсын аваргадаа түрүүлээд буцсан билээ. Харин энэ удаад бүрмөсөн нутагтаа ирж байна. Гэхдээ тэрбээр WSB тэмцээнд гурван жил тулалдахаар гэрээ байгуулсан учир ирэх жил багаа сольж, өөр багт хүч сорих боломжтой юм. Багаа солино гэсний учир нь ирэх жилийн тэмцээнд Азийн бүсэд Азербайжаны “Баку Файерс” багийн оронд Дубайн баг өрсөлдөх сурагтай.
С.Цэлмэг