Монгол Улсын 2014 оны төсвийн төсөлд төсвийн орлогыг бүрдүүлэх эх үүсвэрийн тооцоонд тооцооллын маш том алдаа байгаа. Ганцхан жишээ хэлэхэд, монгол төгрөгийн валюттай харилцах ханшийг 1384-аар авсан байх жишээтэй. Бодит байдлаараа өнөөдөр ам.доллар 1700 төгрөгийг давсан нь асар их зөрүүтэйг харуулж байгаа. Багаар бодоход 20 гаруй хувийн зөрүү гарна гэдэг нь төсөвт тэр хэмжээний эрсдэл бий болно гэсэн үг. Хоёрдугаарт, Монгол Улсын гадаад өрийг эрс нэмэгдүүлэхээр төсвийн төслийг оруулж ирсэн. Өмнөх парламентаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлахдаа өрийн аюулгүйн улаан шугамыг 2014 онд 40 хувиас дээш давуулж болохгүй гэж хуульчлан баталсан ч 60 хувь болгох буюу Монгол Улсыг өрийн ангал руу оруулах булан руу шахсан төсөл оруулж ирсэн. Тийм учраас төсвийн тооцооллыг улам нарийвчлах, орлогоо бодитой болгох, өрийг нэмэгдүүлэхгүй байх зарчмыг хатуу барьж байна.
Мөн Н.Алтанхуяг сайдын өөрийнх нь хэлсэн авлигажсан төсвийн, авлига бүрдээд байгаа эх үүсвэрийг тас цохиход онцгойлон анхаарч байна.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2013 оны төсвийн тодотголыг нягтлахад хөрөнгө оруулалт 425 тэрбум төгрөгөөр тасарсан байгаа. Тэгэхээр энэ онд хийгдэж чадаагүй хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжуудыг 2014 оны төсөвт шилжүүлэх шаардлагатай. Ийм зохицуулалт хийхийн өмнө 2014 онд хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг ил тод болгох ёстой. Гол нь шаардлага хангасан эсэхийг нягтлах нь төсвийн хөрөнгө оруулалт үр ашиггүй зарцуулагдахаас сэргийлсэн арга хэмжээ болох юм.
Нөгөөтэйгүүр, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслүүдийг харж байхад төрийн зардал, төрийн өмч, эдийн засаг дахь төрийн оролцоо данхайж байна. Тэгсэн атал өөрийнхөө хүчээр, бор зүрхээрээ бизнес хийж буй хүмүүст баялаг бүтээх боломж, бизнес хийх орчинг нь улам хумьж байгаа нь эргээд иргэд, хувийн хэвшлийнхний урагшлах замд саад тотгор болж, хүнд суртлыг бий болгож байгаа. Тухайлбал, аймаг орон нутгийн иргэдэд үйлчилгээ үзүүлдэг гол байгууллага болох халамж, даатгалын байгууллагуудын дарга нарыг босоо тогтолцоонд шилжүүлсэн явдал нь тухайн аймаг орон нутгийн удирдлагаас тухайн салбарт хариуцлага тооцох, үүрэг хүлээлгэх боломж бараг байхгүй байна. Татварын хэлтэс, Халамжийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Улсын бүртгэл, мэргэжлийн хяналтын газар гэх мэт. Бид төвлөрлийг сааруулна гэж олон жил ярилаа. Орон нутагт татвараа төвлөрүүлж чадахгүй, иргэндээ халамж үзүүлж чадахгүй, ажил эрхлэлтээ зохицуулж чадахгүй, орон нутгийн удирдлага яаж ажиллах юм бэ. Аймаг, сумын төрийн захиргааны байгууллагын бүтэц орон тоог тогтоох эрхийг аймгийн ИТХ, засаг даргад бүрэн шилжүүлмээр байна. Энэ мэт суурь зохицуулалтыг Засгийн газар хийх шаардлагатай.
Засгийн газар Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн төсөөллийг хэт өөдрөгөөр төсөөлж оруулж ирсэн нь өмнөх алдаанаасаа огт сургамж авсангүй гэх дүгнэлт хийхэд хүргэж байгаа. Мөн ирэх оны төсвийг энэ оны төсөвтэй харьцуулахад хөрөнгө оруулалтыг 500 тэрбум төгрөгөөр хассан нь бизнесийн хүрээг хумьсан бодлого юм. Ийм нөхцөлд ажлын байрыг хадгалж, шинээр бий болгож чадахгүй шүү дээ.
Нөгөөтэйгүүр, Монгол Улсын нийт өрийн хэмжээг ДНБ-ний 60 хувьтай тэнцүүлэхээр төсвийн төслийг оруулж ирсэн нь ирээдүйд Монголын ард түмнийг их өрийн дарамтад оруулах эрсдэлтэй. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар 2014 онд Монгол Улсын нийт өр ДНБ-ний 40 хувиас давах ёсгүй. Гэтэл түүнийгээ зөрчөөд, хуульд өөрчлөлт оруулах замаар өрийн хэмжээг нэмэгдүүлэх болж байгаа нь буруу шийдэл.
Мөн 2014 оны төсвийн төсөл, 2014 оны Мөнгөний бодлогын эсрэг төсөөлөгдсөн байгаа нь засахаас аргагүй. Жишээ нь, ирэх оны төсвийн төсөлд ам.долларын ханшийг 1380 төгрөгөөр төсөөлсөн нь орлогыг бодитой төлөвлөх боломжгүй болгож байгаа. Тийм учраас валютын ханшийг бодитой тогтоох ёстой. Ирэх онд бодит сектороо дэмжихийн тулд хөрөнгө оруулалтын 500 тэрбум төгрөгийг үлдээж оронд нь үр ашиг муутай төсвийн урсгал зардал, үйл ажиллагааны зардлуудыг хасах ёстой гэж бодож байна.
Ирэх оны төсвийн төсөлд байгаа хамгийн том алдаа нь валютын ханшийг 1380 төгрөгөөр тооцсон тооцоолол юм. Ханшийг бодитой тусгаснаар төсөв зөв болох ёстой. Энэ бол зөвхөн шалгуур нь. Уг нь манай намын бүлгийн зүгээс Ерөнхий сайдад хандан “Долларын ханшийг төсөвт бодит байдлаар тусгах шаардлагатай” гэж хэлсэн. Ямар хариулт хэлсэн бэ гэхээр төсөвт ам.долларыг 1680, 1700-гаар тусгачихвал бидний ханшийг сулруулах бодлого, арга хэмжээ амжилтгүй болно” гэсэн. Яахаараа бодит бус байдлаар юманд хандахаар явуулж байгаа үйл ажиллагаа нь болдог, бодитой хандахаар болдоггүйг ойлгохгүй байгаа.
Анхаарах ёстой бас нэг асуудал бий нь хөрөнгө оруулалт. 2011 онд 75 хүүхдийн ортой хүүхдийн цэцэрлэг 350 сая төгрөгөөр баригдаж байсан. Одоогоос хоёрхон жилийн өмнө, гэтэл одоо 75 хүүхдийн ортой цэцэрлэг 800 сая төгрөг болчихоод байна. Ийм нөхцөлд хөрөнгө оруулалтын зардал хумигдсан гэж хэлэх үү, тэлсэн гэж хэлэх юм уу. Хөрөнгө оруулалтын зардал юунаас болоод өсөөд байгаа юм гэдгийг маш зөв тодорхойлох ёстой. Тэгж байж 2014 оны төсвийн төсөл бодитой болно.