
Аваргуудын лигийн түүхэн дэх хамгийн шилдэг хагас шигшээгийн тулаан гэгдэж буй Испанийн дуэлийн эхний хагас хуурай тэнцээгээр өндөрлөсөн. Харин хоёрдугаар хагаст олон “үйл явдал өрнөж”, “Реал” дасгалжуулагчаа, бас хамгаалагчаа “алдсан”-ы дараа Месси тооны харьцааг нээжээ. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн хошой шагналтан Месси сэлгээгээр талбайд гарсан Ибрагим Афеллайн дамжуулалтыг чулуу болгосон. Харин тоглолт өндөрлөхөөс дөрвөн минутын өмнө Месси дахин гоолдсоноор багтаа тун чухал ялалт авчирсан. Өрсөлдөгчөө талбайд нь буулган авсан тэд ирэх мягмар гаригт “Кэмп Ноу” цэнгэлдэхдээ хийх хариу тоглолтыг давуу байдалтай эхлүүлэх болж байна. Харин Месси ийнхүү улирлын 52 дахь, үүнээс Аваргуудын лигт 11 дэх гоолоо оруулсан юм.
“Онцгой нэгэн” гэгддэг Моуриньогийн залуус мөнхийн өрсөлдөгчөө буулган авах гэж багагүй хичээсэн. Өнгөрсөн долоо хоногт Копа дел Рейн финалд “Барса”-г хожсон тактик эхний үед амжилттай хэрэгжиж байв. Харамсалтай нь, “толгойгүй”, хүний дутуу “Реал” эцсийн дүнд алдарт “Сантьяго Бернабеу” цэнгэлдэхдээ 2:0-ээр ялагдал хүлээсэн юм.
Шүүгчийн шийдвэрийг эрс эсэргүүцсэн Моуриньо тоглолтын дараа “Арвуулаа ид шид бүтээнэ гэдэг боломжгүй. Тийм ээ, бид ч хасагдчих шиг боллоо. Кэмп Ноуд хамаг хүчээ дайчлан тоглох нь мэдээж. Гэвч нааштай үр дүнг би лав олж харахгүй байна. Бид Пепе, Серхио Рамос наргүйгээр тэдний талбайд зочлох болно. Гэтэл тэд алдаа гаргаагүй. Би ч ялгаагүй. Би зөвхөн “яагаад” гэдгийг л мэдэхийг хүсч байна. Яагаад Пепег талбайгаас хөөв. Хэн нэгэн тайлбарлаж өгөхийг би хүсч байна” хэмээн ярьжээ.