
Чех улсад ажиллаж амьдардаг монголчуудын дунд уламжлал болгон зохиодог “Монголын хавар” спортын өдөрлөг 15 дахь удаагаа Прага хотод амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн өдөрлөгийг Үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөний 100 жил, Монгол Улсын орчин үеийн дипломат алба байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулж, Чехийн есөн хот болон “АПУ Трейд” компаний ахмад волейболчид оролцсон эрэгтэй 10, эмэгтэй 8 багийн тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
Эх нутгаасаа уригдан ирж оролцсон “АПУ Трейд” компанийн ахмад волейболчид ур чадвараараа үзэгчдийг баясгаж, спорт сонирхогч залуучуудад тоглолтын арга техникийг зааж сургаж, туршлагаа хуваалцсан нь өдөрлөгийн ач холбогдлыг өндөрсгөжээ.
Волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, шатрын төрлөөр хоёр өдөр үргэлжилсэн өдөрлөгийн нэгдсэн дүнгээр Храдец Кралове хотын монголчуудын баг тэргүүн байранд орж, Элчин сайдын яамны нэрэмжит шилжин явах цомын эзнээр шалгарсан байна.
Г.Дарь