Рэппэр Канье Уэст уржигдар /Х.21/-нд найз бүсгүй Ким Кардашианыхаа 33 насны төрсөн өдрөөр сүр дуулиантай, сюрприз дүүрнээр гэрлэх санал тавьсан билээ. Өхөөрдөм хөөрхөн охин Нориг нь төрүүлж өгсөн Ким Кардашианд тэрээр 15 каратын алмаазан шигтгээтэй бөгж барин сөхөрч албан ёсоор хуримын санал тавьсан юм. Канье Уэст гэрлэх саналаа онцгой байлгахын тулд Сан-Францискогийн “AT&T Park” бейсболлын цэнгэлдэхийг бүхэлд нь түрээсэлж, найрал хөгжмийн оркестороор хайрын дуу эгшиглүүлэх зэргээр багагүй хичээл зүтгэл гаргасан. Тэгвэл Канье Уэст энэ бүхэнд хэдий хэр мөнгө зарцуулсныг “omg!” сайт тооцож үзжээ.
Тэдний үзэж буйгаар “AT&T Park” цэнгэлдэхийг түрээслэхэд 200 мянган ам.доллар зарцуулагдах гэнэ. Мөн цэнгэлдэх дэх электрон самбар дээр “Надтай гэрлээч” гэдэг үгийг урсгахад 2500 ам.доллар болох аж. Харин хуримын санал тавих үеэр хөлсөлсөн хувийн нисдэг тэрэгний цагийн өртөг нь 1700-8600 ам.доллар хүрдэг байна. Түүнчлэн романтик хайрын дууны хөгжмийг оркестроор тоглуулахад хүн тус бүрт 450 ам.доллар буюу нийт хөгжимчдөд 50 мянган ам.доллар зарцуулжээ. Эцэст нь түүний Кимд барьсан “Lorraine Schwartz”-ын урласан 15 каратын алмаазан шигтгээтэй бөгж 2.5 сая ам.доллараар үнэлэгддэг гэнэ. Тэгэхээр рэппэр Канье Уэст ёсолын буудлага зэрэг бусад зардлыг оролцуулаад нийтдээ гурван сая ам.долларыг Ким Кардашианд санал тавихад зарцуулсан байна.