Хөвсгөл нуур-Эгийн гол, Буйр нуур-Халх гол, Бөөн цагаан нуур-Байдраг гол, Онги гол, Орхон голын сав газрын захиргаадыг шинээр байгуулан үйл ажиллагааг нь энэ сард эхлүүлжээ. Үүний өмнө Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны хамтын ажиллагааны хүрээнд говийн бүс нутгийг хамарсан Галба, Өөш-Долоодын говь, Алтайн өвөр говь, Умард говийн гүвээт-Халхын дундад талын Сав газрын захиргаад байгуулсан. 2012 онд шинэчлэн батлагдсан Усны тухай хуулийн дагуу сав газрын захиргааг шинээр бий болгож буй нь энэ юм.
Түүнчлэн ус, намгархаг газрыг хамгаалах Олон улсын Рамсарын гэрээгээр хамгаалагдсан Өгий нуурын экосистемийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Орхон голын сав газрын захиргааны бүтцэд Өгий нуурын асуудлыг хариуцсан нэгжийг мөн бий болгосон байна. Ингэснээр Өгий нуурын эко системийг сэргээн хамгаалах, урсацын тохиргоо хийх замаар нуурын усны түвшинг нэмэгдүүлэх чиглэлд томоохон ахиц дэвшил гарна гэж тооцоолж байгаа аж.
Д.ЦЭЦ