Дэлхийг донсолгож буй Хунтайжийн хурим

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Дэлхийг донсолгож буй Хунтайжийн хурим

XX зууны сүүлээр Британийн их гүрнийг төдийгүй дэлхий дахины чихийг дэлдийлгэсэн нэгэн хуримыг "Зууны хурим" хэмээн хүмүүс хэлцдэг. Энэ нь мэдээж Английн хаант засаглалын угсаа залгамжлах ханхүү Чарльз болон өдгөөг хүртэл хүн төрөлхтөний түүхэн дэх гүнжүүдийн хамгийн цуутай бөгөөд орчин үеийн загвар болсон Диана нарын хурим.

Өдгөөгөөс гучин жилийн өмнө буюу 1981 оны долдугаар сарын 29-нд Лондонд болж байсан тэрхүү хуримын үр сад болох хунтайж Уильям хоёр өдрийн дараа магадгүй энэ зууны цуутай хуримын нэгд тооцогдох ёслолыг хүн төрөлхтөний нүдний өмнө хийх гэж байна. Түүнтэй хуримлагч нь Кэйт Миддлтон хэмээх бүхий л талаараа англичуудын зүрх сэтгэлд Диана гүнжийг нь санагдуулам нэгэн үзэсгэлэнт бүсгүй билээ.

Олонх бага болон өсвөр насны англи охидын нэгэн адил түүний бага нас цуутай гүнж Дианагийн шүтэн бишрэгч байлаа. Харин одоо гүнжийн шүтэн бишрэгч нэгэн тэрбээр өөрөө гүнж болохоор цаг тоолон хүлээж байна.

Хунтайж Уильям буюу Уильям Артур Филипп Луис Маунтбаттен-Виндзор нь Английн угсаа залгамжлах ханхүү Чарльз, түүний гэргий үзэсгэлэнт Диана гүнж нарын ууган хүү. Тэрбээр 1982 оны зургадугаар сарын 21-нд мэндэлжээ. 13 нас хүртлээ Лондоны хэд хэдэн сургуульд сурч, 1995 оноос Английн дээд язгууртнууд боловсрол эзэмшдэг Итоны коллежид элсэн орж суралцсан юм. Уг коллежид суралцаж байх хугацаандаа сургуулийнхаа хөлбөмбөгийн багийн ахлагчаар тоглож байсан түүхтэй.

1996 онд түүний эцэг ханхүү Чарльз, ээж Диана гүнж нар салж, жилийн дараа буюу 1997 оны наймдугаар сарын 31-нд Диана гүнж Парист авто машины ослоор нас барсан билээ.
Ээжтэйгээ ойр дотно байдаг байсан хунтайж Уильямд ээжийнх нь үхэл маш хүнд цохилт болсон ба энэхүү үйл явдлаас хойш хунтайж Уильям улс орондоо их нэр хүндтэй болж эхэлжээ.

Коллежоо төгсөөд, хэсэг хугацаанд нам гүмхэн байсан хунтайж 2001 оноос Шотландын Сент-Эндрюгийн их сургуульд суралцаж эхэлсэн ба сүйт бүсгүй Кейт Мидлтонтой уг сургуульд хамт суралцаж байхдаа танилцсан түүхтэй.

Харин Кейт буюу ирээдүйн гүнж маань Британийн агаарын тээврийн нисгэгч Майкл Мидлтон, онгоцны үйлчлэгч Кэрол Элизавет нарын ууган охин. Түүний эцэг Майкл Мидлтон нь дундаж сэхээтнээс гаралтай ба чөлөөндөө гарсныхаа дараа бизнесээр оролдож шуудан харилцаа болон худалдааны "Party Pieces" хэмээх компани байгуулж Английн саятнуудын эгнээг нэмсэн нэгэн. Кейтийн ах нь Жеймс, эгч нь Пиппа буюу Филиппа.

Сургуулийнхаа хамгийн спортлог эмэгтэй оюутнуудын нэгэн, сурлагаараа сургуульдаа толгой цохичихдог, мөн Бюклберригийн энгийн мөртлөө үзэсгэлэнт нэгэн охин Кейт 2003 онд хунтайжийн харцанд ээрэгдэж улмаар олны нүднээс ихэд нууцаар өөрсдийн хайрын түүхийг бий болгож чадсан аж.

Загварын тайзан дээр алхаж буй богино торон даашинзтай, даруухан бүсгүйгээс үзэгчдийн суудлын хамгийн урд эгнээн дэх нэгэн залуу нүдээ салгаж чадахгүй суусан гэдэг. Энэ бол хунтайж Уильям, Кейт Мидлтон нарын хайр сэтгэл эхэлсэн түүх.
Тэр үдшээс хойш хунтайж, хамт сурдаг сайн найз охиноо арай өөр нүдээр харж эхэлсэн тухайгаа “Бид удаан хугацаанд бие биенээ мэддэг байсан. Би тэр үдэш өмнө нь огт олж харж байгаагүй гоо үзэгсэлэнг Кейтээс олж харсан” хэмээн ярьсан байдаг.

Гэхдээ бусад хүмүүсийн л нэгэн адил тэдний хайрын түүх тийм ч дардан байсангүй. 2007 оны дөрөвдүгээр сард тэдний өөрсдийн сүүлд сэтгүүлчдэд цухуйлгаснаар хосуудын харилцаанаас үл шалтгаалж бусдын явуулга ба хаант засгийн уламжлалт хэв маяг тэдний романтик учралд саад болж байсан, мөн Кейт дэлхий нийтийн танил болоход хараахан бэлэн болоогүй байсан /үнэндээ гүнжийн амьдрал түүнд хэтэрхий хол мэт санагдлаж байсан байх л даа/ зэргээс болж хэсэг хугацаанд салж байсан гэх. Гэвч хосууд хайр сэтгэлээ дагаж энэ бүхнийг давж гарахаар шийдэцгээж эргээд нэг их удалгүй тэр оныхоо наймдугаар сард нийлцгээснээс хойш өнөөг хүртэл хамт байгаа.
Ийнхүү олон шалгуурыг даван туулсан хосууд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 16-нд сүй тавьж, хуримын товоо зарласан юм.

Хунтайж сүйт бүсгүйдээ ээж Дианагийнхаа сүйн бөгжийг гурван долоо хоногийн турш биедээ авч явсны эцэст бэлэглэсэн тухайгаа сонихуулахад, олон хүмүүс сэтгэл уяран хүлээж авсан билээ.

Тэрбээр “Ээжийнхээ индранил, алмазан шигтгээтэй бөгжийг хайртай бүсгүйдээ бэлэглэсэн нь ээжийгээ сэтгэлдээ ойр байлгах гэсэн миний хүсэл юм” хэмээсэн. Яг дээр дурдагдаж байгаа шиг тэдний хайр сэтгэлд саад болоод амжсан хааны гэр бүлийн хачин хуучинсаг уламжлал болон үзлийг одоо Кейт нэг насаараа сөрөх болж байна. Британийн хааны удмын түүхэнд тэртээ харанхуй дундад зууны үед л нэгэн язгууртан сурвалжгүй нэгэн эмэгтэй эзэн хаантайгаа гэрлэж хатан хааны амьдралаар амьдарч байсан түүхтэй гэнэ. Тэгвэл өнөө цагт тэр түүхийн үргэлжлэлийг Кейт Мидлтон хэмээх бүсгүй бүтээх болжээ.

Англичууд бүгд л түүнийг Диана гүнжтэйгээ адилтган хувцас хунар, зан ааш, харьцуулж болох бүхнээр нь харьцуулцгааж байна. Бусад бүх гүнжүүдийн адил түүний өмссөн зүүсэн нь нийгмийн хэсэг бүлэг охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийн загварын чиг хандлага болох хачирхалтай ч гэмээр тогтсон үүрэг түүнд өнөөдөр ирж байна.

Английн төдийгүй барууны бүхий л шар хэвлэлүүд Кейтийн намтар түүхийг элтэл эргүүлж эрэн хайсан ч дуулиан шуугиан тарьчихмаар элдэв янзын зүйлс олоогүй л байна. Тиймээс түүнийг Диана гүнжийг бодвол хэвлэлд хаалттай нэгэн хэмээн тодотгоод байна. Шар хэвлэлийнхэн, паппарацичдын хамар дор улсынх нь ирээдүйн удирдагчтай болзож, сургуулиа төгсөөд гурван ч ажил сольж, эцэст нь үнэт дэлгүүрийн худалдагч хийж байхдаа л "баригдсан"-аас нь харахад хатагтай Кейт үнэхээр нууцлаг бөгөөд хаалттай нэгэн байж болох юм.

Маргааш тэд Лондоны ихэс дээдсийн өргөөнд дэлхийг шуугиулсан хуримаа хийх гэж байна.
Ханхүү Чарльз, гүнж Диана нарын хуримыг 30 жилийн өмнө дэлхий даяар 750 сая хүн шууд хүлээн авч үзсэн. Лондонгийн гудамжинд 600.000 орчим хүн баяр хүргэхээр ирсэн байв. Сүйт бүсгүй 40 метр урт хормойтой, 10.000 сувд, нэг кг алтаар чимэглэсэн Эммануэлийн даашинзаар гоёсон байсан. Анхны шөнөө Хэмпширийн Брондландст өнгөрүүлсэн. Харин энэ зууны дуулиант хуримыг түүнээс ч олон хүн телевизийн дэлгэцээр шууд хүлээн авч, гудамжинд баярт нь оролцохоор Лондонг зоригсод цувсаар байна. Лондоны бүх зочид буудлууд захиалгандаа дарагдан дүүрч, хунтайж Уильям болон Кейт нарын дүрс,зураг бүхий элдэв төрлийн гоёл чимэглэл, дурсгалын зүйлс Английн аялал жуулчлалын салбарыг хэдхэн хоногийн дотор толгой эргэм ашиг орлогоор дүүргэж байна.

Гүнжийн хуримандаа өмсөх даашинз хуримын ёслолын хамгийн нууцлаг бөгөөд сонирхол татсан сэдэв болдог нь нэгэнт ёс болжээ. Ер нь Английн хааны удмынхны хуримын хувьд нүдний цөцгий мэт нандигнан хамгаалах ёстой тийм нэг нууц байдаг. Тэр нууц нь мэдээж хэрэг сүйт бүсгүйн өмсөх даашинзны талаарх мэдээлэл бөгөөд үүнийг бүхнээс түрүүлж мэдэхийн тулд сэтгүүлчид нүдээ өгөхөөс ч буцахгүй байдаг гэнэ. Маргааш Кейт Мидлтоныг машинаас буун Вестминстерсийн сүм рүү орох тэр агшинд сая сая хүний харц түүний гоёлын даашинз дээр тусах болно. Middleton wedding dress /Мидлтоны хуримын даашинз/ гэсэн үгийг "Google"-ийн хайлтын системээр хайлгахад бараг хагас сая гаруй хариулт гарч ирж байснаар хэр их хүн энэ талд санаа зовниж "байсныг" харуулна.

Лондонд хуримын гэрч болохоор баяр хөөр дүүрэн зоригсдын 75 хувь нь Британийн бусад нутгаас үлдсэн нь гадаадаас гэнэ. Хуримд хатан хааны гэр бүлийнхнээс гадна нэрт улстөрч, нийгмийн зүтгэлтэн, кино, урлаг болон спортын одууд, мөн цэргийн болоод буяны байгууллагын төлөөлөгчид зэрэг 1900 орчим хүндэт зочид уригдсан байна. Тэдгээрийн дотор Иорданы хаан, Бруней, Оманы султан, Францын Ерөнхийлөгч Николя Саркози эхнэр Карла Брунигийн хамт, хөлбөмбөгчин Дэвид Бекхэм эхнэр Викториагийн хамт, мөн бусад английн алдарт хөлбөмбөгчид, реппэр Каниа Уэст, кино найруулагч Гай Ричи, нэрт дуучин хөгжимчин Элтон Жон, ханхүү Уильямсын эцэг Уэльсийн хунтайж Чарльзын найз мистер Бен нэрээр алдаршсан Роуэн Аткинсон гээд урлаг спорт, улс төрчдийн нэрс уртаар урсана. Мөн “Битлз” хамтлагийн гишүүн Пол Маккартни уригдаад байгаа ба хосууд түүнийг хуримандаа ая дуугаа өргөхийг хүсчээ. Уг хүсэлтийг дуучин дуртайяа зөвшөөрсөн байна.

Мөн Бахрейны хунтайж, Брунейн султан, Катарын эмир нарыг урьсан ба Бахрейны хунтайж улс оронд нь цаг үеийн байдал хүндрээд буйтай холбоотойгоор оролцох боломжгүй болсноо мэдэгдсэн. Харин Японд болсон гамшгийн улмаас тус улсын удам дамжсан хунтайж, гэргийнхээ хамт уригдсан ч хүрэлцэн очихоос татгалзсан байна. Уильям хунтайжийн хуриманд мөн Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон, Австрали, Шинэ Зеланд зэрэг Хамтын нөхөрлөлийн Засгийн газрын тэргүүнүүд ч байлцах юм байна. Их Британийн хатан хааны ордноос хийсэн мэдэгдэлд уригдсан хүмүүс ганц бие ч бай, гэрлэсэн ч бай заавал хосоороо ирэхийг санал болгожээ.

Вестминстерскийн сүмд болох гэрлэх ёслолын ажиллагаанд ойролцоогоор 1900 хүн уригдсанаас 650 нь баярын зоогт орох эрхтэй аж. Харин Уэльсийн хунтайж Чарльзын Букингемийн ордонд зохион байгуулах оройн зоогт 300 хүн оролцох юм байна. Хуримын ёслолын үеэр “ABBA”, “Spandau Ballet”, “Duran Duran” болон “Culture Club” зэрэг алдартнуудын ая дуу эгшиглэх гэнэ.

Энэ хэсэгт хамгийн сонирхол татсан асуудал нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хуримд оролцохгүй явдал. Английн хааны гэр бүлийн хуримд Америкийн төрийн тэргүүнүүд тун ч уриалгахнаар нэр төрийн хэрэг болгон ирж оролцдог. Энэ уламжлал хунтайж Уильямын үед анх удаа эвдэгдлээ. Энэ талаар асар олон таамаглал барууны хэвлэлүүдээр дүүрэн цацагдаж байгаа. Ихэмсэг, залуу халуун хунтайжийн улстөрийн тавцанд олныг шуугиулсан анхны томоохон дуулиан л гэнэ, Барак Обама ханхүү Чарльз хоёрын харилцааны хүйтрэлийн илрэл л гэнэ, аль эсхүл зөнөж яваа хатан хааны афро-америк гаралтай ерөнхийлөгчийн гаралд дургүйцсэн шийдвэр хэмээн байж болох бүх л таамаглалыг дэвшүүлцгээн шуугиж байна. Аль нь ч үнэнээс хол зөрөөтэй мэт санагдавч ямартай ч дэлхийн хамгийн найрсаг харилцаатай эртний холбоотон гүрнүүдийн удирдагч нь нөгөөгийнхөө хүндэт ёслолд оролцохгүй нь тодорхой болсон.

Энэ мэтээр Уилл, Кейт хоёрын хуримыг тойрсон дуулиан шуугианууд сүүлийн хэдэн хоногийн турш дэлхий нийтийн чихийг дэлдийлгэсээр байна. Дөрөвдүгээр сарын 29 Британийн ерөнхий сайд Дэвид Кэмероны тушаалаар бүх нийтийн амралт баярын өдөр болсон. Англичууд энэ өдөр уламжлал,түүх, их гүрний сүр хүчээ дэлхий нийтэд гайхуулах гэж байгаа. Харин энэ бүхний цаана хэн хүний л адил нэгэн залуу хосын амьдралын аз жаргалт мөч болсон хуримын ёслол нь болох гэж байна.
Аз жаргал хүсье Уилл, Кейт.

Н.НАРАН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж