
Эцэг эхчүүдээс ирж буй хамгийн түгээмэл гомдол бол ончироо. Манайхан материалын ончироог “бөөстөх” гэж нэрлэдэг. Энэхүү ончироо ноос, ноолууран бүтээгдэхүүнд түгээмэл байдаг л зүйл. Яагаад гэвэл натурал бүтээгдэхүүн учраас тэр. Үүнийг монгол хүн бүр сайн мэднэ. Яагаад гэвэл монголчууд эртнээс нааш гар аргаар эсгийгээ хийсээр ирсэн төдийгүй хивсгүй айл нэг ч үгүй. Хивснээс л гэхэд бараг бүтэн сарын турш ноос ноолуур гарч байдаг. Үүнээс болж дүрэмт хувцасны борлуулалт саарах вий гэсэн болгоомжлол үйлдвэрлэгч нарын дунд бий болжээ. Бондын мөнгөнөөс зээлж, үйлдвэрлэл эрхлэгчид төдийгүй тэдгээрт ажиллаж буй олон мянган хүмүүс ажил, орлогогүй болчихвол хэнд ашигтай вэ. Дотооддоо үйлдвэрлэл явуулахгүй дан гадаадаас бараа бүтээгдэхүүн бүрийг зөөснөөр бид юү хожсон бэ. Монгол хүн юү ч бүтээж чаддаггүй гэсэн дүгнэлтэд хүрч, монголчууд цөмөөрөө наймаачин сэтгэлгээтэй болж л хоцорсон. Юуг хэнд хэрхэн яаж зарах вэ, яавал хэд гурван төгрөг нэмж зарах вэ гэсэн бодлоор тархиа дүүргэснээс монгол хүний мөс чанар гээгдэж, бүхнийг зоосны нүхээр харах болов.
Одоогийн байдлаар бага ангийн сурагчид дүрэмт хувцсаа бүрэн авсан. Харин дунд, ахлах ангийнхны хувцсыг энэ сарын 30-ны өдрөөс эхлэн олгохоор хуваарь гарсан. Хэдийгээр сургуулиар дамжуулан хүүхдүүдэд түгээж байгаа ч Нарантуул зах дээр “Монголд үйлдвэрлэв” шошготой сурагчийн дүрэмт хувцсыг худалдаалсан тохиолдол гарчээ. Тиймээс ҮХАА-ны холбогдох албаныхан хэд хэдэн газарт худалдаалж буй дүрэмт хувцасны даавууг шинжлүүлэхээр лабораторид хандаад байгаа юм байна. Шинжилгээний дүн гармагц хэн гэгч импортлогч хаанаас, ямар зорилгоор дуураймал дүрэмт хувцас оруулж ирж, үйлдвэрлэгчдийг хорлож байгааг нийтэд мэдээлэх гэнэ. Энэ нь зөвхөн үйлдвэрлэгчдийг төдийгүй улс орноо бүхэлд нь хохироох муу дагавартайг импортлогчид, жижиг том бүх төрлийн наймаа худалдаа эрхлэгчдэд сануулахад илүүдэхгүй биз ээ.