"Миний амьдралыг дүүргэдэг зүйл бол уран зохиол" | News.MN

"Миний амьдралыг дүүргэдэг зүйл бол уран зохиол"

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

"Миний амьдралыг дүүргэдэг зүйл бол уран зохиол"

"Миний амьдралыг дүүргэдэг зүйл бол уран зохиол"

Канадын зохиолч Алис Мунро Нобелийн уран зохиолын шагналын эзэн боллоо. Канадын нэгэн жижиг хотын 82 настай, буурал үстэй зохиолчийг Нобелийн шагналын хороо “Орчин цагийн богино өгүүл­лэгийн мастер” хэмээн нэрлэ­жээ.

Амьдралдаа алдсан ч үл сөхрөх бүсгүйчүүдийн хайр дурлал, амьд­рал, итгэлийн тухай “нарийн шир­хэг­­­­тэй” өгүүллэгүүд бич­сэн Алис Мунрог XIX-р зууны Оросын богино өгүүллэгийн нэрт мастер А.П.Чеховтой зүйрлэж, Кана­дын Чехов гэх хүмүүс ч байгаа юм.

Канадын Онтарио хотын Клин­тон хэмээх жижиг сууринд нам гүм­­­хэн амьдардаг Алис Мунро нэгэн өдөр унтаад сэрэхдээ Нобелийн шаг­­нал­тан болсон байжээ. Охин нь түүнийг сэрээхдээ “Та шагнал авчи­хаж” гэсэн мэдээ дуулгажээ.

Салахын аргагүй богино өгүүллэгүүд

XIX-XX-р зууны эхээр ид дэлгэрч байсан богино өгүүллэгийн төрөл тууж, үргэлжилсэн үгийн зохиолд байр сууриа алдаж, арын суу­далд удаан суусан билээ. Алис Мунрогийн ачаар маш сонирхолтой өрнөл­тэй, өвөрмөц дүрүүдтэй богино өгүүл­лэгүүд эргэн ирж бай­гаа аж. Түүний өгүүллэгүүдийн баат­­рууд голдуу ер бусын хувь тави­лан­тай охид, бүсгүйчүүд бөгөөд бэлгийн хүчирхийлэл,  азгүй гэрлэлт, хардалтаар өвчилсөн хайр, бүсгүй хүн бүрийн туулдаг хөгшрөлт зэрэг сэтгэл гутралын тухай өгүүлдэг.

Дорнын уншигчид Алис Мунрог сайн мэдэхгүй, сонсоогүй байж болох ч англи хэлийг албан ёсны хэл болгон зарласан орнуудын уншигчид түүнийг эртнээс мэдэх билээ. Алис Мунрогийн уран бүтээлийн анд нөхөр, өгүүллэгүүдийнх нь редактор, хэвлэн гаргагч Дуглас Гибсон “Мунрогийн өгүүллэгүүд эгэл жирийн хүмүүсийн тухай эгэл жирийн өгүүллэг. Гэхдээ түүнд онгод бий” гэжээ.  Алис Мунро Нобелийн уран зохиолын шагналтан болсон тухай мэдээ Канадад салхи шиг тарж, түүнд баяр хүргэсэн мэндчилгээ Твиттерт одоо ч тасраагүй байна.

Алис Мунро 1931 онд Онтариогийн Вингхем хэмээх жи­жиг сууринд төржээ. (түүний олон өгүүллэгийн үйл явдал өрнөдөг газар) Алис Мунро өсвөр наснаа­саа эхлэн өгүүлэл бичиж байсан бөгөөд өнөөг хүртэл хэдэн арван богино өгүүллэгийн түүвэр хэвлүүлжээ.  Богино өгүүллэг бичиж, уран зохиол туурвих дуртай болсон нь санам­саргүй зүйл байв.

Алис “Олон жил би зохиол бичихэд дадлага болно гэж бодож богино өгүүллэг бичсэн. Цаг нь болохоор зохиол бичих гэж тэр шүү дээ.  Дараа нь би дөнгөх юм шиг санагдаад шаргуу бичих болсон.  Богино өгүүллэг оролддог болсон маань хичээл зүтгэлийн  минь ач юм шүү” хэмээн 2012 онд нэгэн ярилцлагадаа дурьдаж байв. Гэвч Алис 37-тойдоо “Dance of the Happy Shades,”  хэмээх анхны түүврээ хэвлүүлсэн юм.

Түүний 2001 оны “Hateship, Friendship, Courtship, Loveship, Marriage,” түүвэрт орсон “The Bear Came over the Mountain” өгүүллэгээс сэдэвлэсэн “Away from Her,” кино Оскарын шагналд нэр дэвшиж байв.

Алис Мунро Нобелийн уран зохиолын шагналтан  болсон Кана­дын хоёр дахь зохиолч юм. 1976 онд уг шагналын эзэн болсон Саул Беллоу хэдийгээр Канадын Квебэкээс гаралтай ч Чикагод өссөн боло­хоор бараг Америк зохиолч гэгддэг билээ.

“Алис  Мунрогийн өгүүллэгүү­дэд баатруудын өдөр тутмын  үйл явдлыг ихэвчлэн дүрсэлдэг ч хувь тавиланг өөрчлөгч агшин, холбоотой үйл явдлын гэрэл, мөнхийн асуулт үлдээдэг зэрэг нь яг л цахилгаан цахихтай адил”  хэмээн Нобель Академи магтсан.

Анхны нөхөртэйгээ гэрлэхээс өмнө тэрбээр Алис Лэйдлоу нэр­тэй байжээ. Тэр 1951 онд Жеймс Мунротой гэрлэж, Канадын Викто­рия муж руу нүүхдээ хоёулаа номын дэлгүүр нээсэн нь одоо ч бай­гаа аж. Тэд хоёр охинтой болсон ч нэг нь төрөөд удалгүй нас барж,  Мунро Онтариод эргэн очжээ. Түүний хоёр дахь нөхөр Жералд өнгөрсөн дөрөв­дүгээр сард нас барсан юм. Нөхрөө нас барсны дараахан Алис Мунро дахин зохиол бичээгүй. Алис Мунро өнгөрсөн жил хэвлүүлсэн “Dear Life,” хэмээх түүврээ хамгийн сүүлчийн бүтээл нь гэсэн юм.  Алис Мунро 2006 онд дахин зохиол бичихгүй гэж байсан ч түүнээс хойш хоёр ном хэвлүүлснийг мэдэх нөхөд нь түүнийг уран зохиолоо орхиж байгаад  итгэхгүй байгаа боловч энэ удаа Нобелийн шагнал ч түүний бодлыг өөрчлөхгүй гэнэ.

Нобелийн уран зохиолын шаг­налыг дагалдаж, найман сая крон буюу 1.25 сая ам.доллар дагалдан ирдэг аж. Шведийн Алфред Нобелийн үндэс­лэсэн уг шагналыг 1901 онд өгч эхэлжээ. Харин Алис Мунро Нобелийн шагналтан болсон 13 дахь эмэгтэй юм.

Нобелийн уран зохиолын шаг­налт­наар 2009 онд румынь гаралтай герман эссэ зохиолч, Херта Мюллер шалгарч байв. 2010 онд уг шагнал Перугийн зохиолч Марио Варгас Льосад очсон бол 2011 онд Шведийн яруу найрагч Томас Транстромер хүртсэн юм. Харин өнгөрсөн жил Хятадын зохиолч Мо Янг Нобелийн уран зохиолын шагналтан болсон юм. Нобелийн уран зохиолын шаг­нал хэн нэг зохиолчийн аливаа нэг уран бүтээлд биш, утга зохиол, яруу найрагт амьдралаа, сэтгэлээ зориулсан уран бүтээлчийн насан туршийн хөдөлмөр, хичээл зүтгэлд хаяглагдан очдог. Нобелийн уран зохиолын шагналд жил болгон маш олон зохиолч, яруу найрагчид нэр дэвш­д­гээс энэ удаа Америкийн зохиолч Жойс Кэрол Оутс, Филип Рот, Японы зохиолч Харуки Мураками нарын нэр багтжээ.

Алис Мунро нэртэй зохиолчид шиг цахим ертөнц, Твиттерт хэлэл­цүүлэг өрнүүлж, нийгмийн тулгамд­сан асуудлыг хөндөж байсангүй. Гэвч эрдэнэ шишийн фермерч, зохиолч Алис Мунрогийн эгэл жи­рийн намтар түүнийг Нобелийн шаг­нал авахад саад болсонгүй.

Алис Мунро “Намайг уран зохиолд дөнгөж дурлаж байх үед Канадын гэх цөөхөн зохиолч байсан бөгөөд дэлхийн уншигчид биднийг байдаг гэдгийг ч анзаардаггүй байсан. Харин одоо Канадын зо­хиолч­­дыг дэлхийн уншигчид мэд­дэг, биширдэг болж”  хэмээн ярьсан байна.

82 настай Алис Мунро нас ахиж буйгаа огтхон ч тоодоггүй гэжээ. Тэр миний амьдралыг дүүргэдэг зүйл бол уран зохиол “Би алдсан оносон бүхэн­дээ харамсахгүй. Энэ бүхэн жам шүү дээ. Ямар ч байсан одоо байгаа маань үхсэнээс хавьгүй дээр. Би амьдралдаа хүссэн бүхнээ хийсэн. Энэ л намайг жаргалтай болгодог.”  хэмээжээ.

Nobelprize.org-д өгсөн ярилц­лага­даа  Алис Мунро 20 настайгаасаа хойш бичиж буй зохиолын ажилд цэг тавихаар шийдсэн гэжээ. “Би олон жил уйгагүй ажилласан. Одоо л амрах цаг ирж байх шиг байна.  Гэхдээ бодлоо өөрчлөх эсэхийг хэр­хэн мэдэх билээ? “ хэмээсэн байна.

Н.ЭНХТУЯА
Эх сурвалж: "NEWS WEEK"сонин №34
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж