
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Төслийн үндсэн агуулга нь стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулагчийн хувь хэмжээг хувьцаа эзэмших эрхээр нь хязгаарлахад чиглэж байна. Учир нь өнөөдөр мөрдөж буй Монгол Улсын аль ч хуульд стратегийн ач холбогдолтой компанийн хувьцааг гадаадын хөрөнгө оруулагч эзэмших, хөрөнгө оруулалт хийхэд ямар нэг хязгаарлалт хийж, зохицуулсан заалт байдаггүй аж. Тиймээс ашигт малтмал, эрчим хүч, зам тээвэр, банк санхүү, төмөр зам, хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэрэг нийт 16 салбарт гадаадын хөрөнгө оруулалтын хувь хэмжээг зааж өгөхөөр тусгажээ. Бусад орны туршлагыг харвал, БНХАУ нийт 40 салбарт гадны хөрөнгө оруулалтыг хязгаарладаг бол Австрали улс гадаадын хөрөнгө оруулалтыг хянах байгууллагыг бие даан байгуулсан байдаг гэнэ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн хувьд аль нэг улсын Засгийн газрын хөрөнгө оруулалттай компанид дээрх хууль үйлчлэх эсэхийг сонирхож байна. Тодруулбал, Францын Засгийн газрын хөрөнгө оруулалттай “Арева”, Хятадын Засгийн газрын хөрөнгө оруулалттай “Шинхуа”, ОХУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалттай “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг өнөөдрийн байдлаар Монгол Улсын стратегийн гэх тодотголтой салбарт үйл ажиллагаа явуулж буй. Гэхдээ төсөл санаачлагчийн тайлбарласнаар дээрх компаниудад уг хууль үйлчлэхгүй юм байна.
Г.Дарь