
Хятадын эдийн засаг 2016 он гэхэд бодит үзүүлэлтээр АНУ-ын ДНБ-ээс давна гэж Олон улсын валютын сангийн мэдээллээс иш татан MarketWatch хэвлэл бичжээ. 2016 он гэхэд дэлхийн эдийн засагт эзлэх АНУ-ын хувь 17,7 хувь хүртэл буурах бол Хятадын хувь хэмжээ өсч, 18 хувьд хүрнэ гэжээ. Ердөө 10 жилийн өмнө АНУ-ын эдийн засаг Хятадынхаас гурав дахин том байв.
АНУ-ын эдийн засаг 1890-ээд оноос тухайн үеийн лидер Их Британийг шахан дэлхийд тэргүүлж эхэлсэн билээ. Үүнээс хойш байраа тавьж өгөөгүй явна. Дэлхийн тэргүүлэх эдийн засгийн эзэн солигдоно хэмээн эдийн засагчид нэлээд хэдэн жилийн туршид ярьж буй юм. Гэхдээ үүний тулд дахиад 15 жил шаардлагатай гэж дүгнэж байв.
Goldman Sachs хөрөнгө оруулалтын банк 2009 оны тайландаа Хятад 2027 оноос дэлхийд тэргүүлэх болно гэсэн байна. Үүнээс гурван жилийн дараа буюу 2030 онд Хятадын ДНБ Америкийнхаас хоёр дахин их болно гэж банкны мэргэжилтнүүд хэлсэн билээ. Хямралын өмнөх 2008 онд Pricewaterhouse Coopers-ын судалгаа Хятадын ДНБ 2025 онд Америкийг гүйцэж, 2050 онд Хятадын эдийн засаг Америкийнхаас 29 хувиар өснө гэжээ.
ОУВС-гийн тооцоо нь үндэсний валютын зах зээлийн ханшаар биш худалдан авах чадварын паритет гэдэгт үндэслэгддэг. Энэ үзүүлэлт нь улс орны дотоодод валютын бодит жингээр буюу нэг үгээр бол түүгээр худалдан авах бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээнд тулгуурласан байдаг. Тэр хандлага нь арай шударга болно. Учир нь хятад мөнгөний ханшийг хиймлээр бууруулж байгаа хэмээн ОУВС тайлбарлаж байна. Худалдан авах чадварын паритетаар тоологдсон Хятадын ДНБ-ий хэмжээ нь 2016 он гэхэд 15,2 их наядаас 18,8 их наяд ам.долларт хүрсэн байх юм. Солилцооны ханшийг тооцсоноор АНУ-ын эдийн засаг лидерээ хадгалж байх болно. Одоо тэр нь 130 хувиар Хятадынхаас илүү байна. 2016 он гэхэд тэр нь улам өсч, 70 хувиар нэмэгдэх юм хэмээн ОУВС тэмдэглэжээ.
Худалдан авах чадварын паритетаар тоолох нь илүү шударга бөгөөд энэ нөхцөлд дэлхийн эдийн засгийн тэргүүн байраа АНУ алдахгүй. Эдийн засгийн хөгжлийг нь түүний бүрэн хэмжээгээр тодорхойлоод байдаггүй. Харин нэг хүнд ноогдох ДНБ ямар байх вэ гэдэг нь чухал бөгөөд энэ үзүүлэлтээрээ Хятад өндөр хөгжилтэй орнуудаас хол хоцорсон байна. Хоёрдугаарт, эдийн засгийн жилийн өсөлт нь 8-10 хувьтай байх нь тогтвортой байна гэсэн үг биш. Тэр нь хэт их халж эдийн засгийн уналтад оруулах эрсдэлтэй. Эрт орой хэзээ нэгэн цагт илүү тэнцвэртэй загварт хүрэх л болно. 2016 он хүртэл бид Хятадын эздийн засгийн “зөөлөн” эсвэл “хатуу” газардалтыг харах магадлал байгаа.
Хэрэв энэ дүгнэлт биелвэл Хятадаас бусдыг баярлуулахгүй гэж Вашингтоны олон улсын судлал ба стратегийн төвийн Азийн асуудал эрхэлсэн ерөнхий зөвлөх Виктор Ча сануулж байна. “Бүс нутаг АНУ-д байгаагүйгээр хандах болсон бөгөөд АНУ-ын тэргүүллийг тэд ердийн мэт хүлээн аваад сурчихсан. Харин Хятад дэлхийд тэргүүлэх болбол тэр нь шуналтай, нөхөрсөг биш шинжийг агуулна хэмээн тэд түгшиж байна.