
Хэлэлцүүлгийн үеэр хүмүүсийн ярьсан хэлсэн санал болгонг Тамгын газрын ажилтнууд тэмдэглэн шууд хананд хадаж байрлуулж байсан. Оролцогчдод улаан өнгийн наалт тараасан бөгөөд үүнийгээ онц чухал шаардлагатай гэж үзэж байгаа саналынхаа ард нааж байлаа. Энэ нь ч эргээд саналуудыг нэгтгэн базахад хэрэгтэй гэж Ерөнхийлөгч онцлон тэмдэглэж байсан.
Хэлэлцүүлгийн хоёр дахь өдөр буюу өчигдөр 10.00 цагт гэхэд ханан дахь цаасан дээр
-Нөхөн сэргээлтийн эрсдийн сан байгуулах
-Эрсдлийн санг захиран зарцуулах эрхийг төрийн бус мэргэжлийн байгууллагад өгөх
-Орон нутгийн оролцоог хуульчлах
-Орон нутгийн тусгай хамгаалалтад авах газар нутгийг тухайн орон нутгийн иргэдийн шууд саналаар тогтоох
-Дотоодын үйлдвэрүүдийг түүхий эдээр эхний ээлжинд хангах талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг ногдуулах гэх мэтчилэн арав гаруй санал хадагдсан байлаа. Хүмүүс саналаа хэлж байх зуур хуудас цааснууд ч нэмэгдсээр сүүлдээ бүр наах талбай ч олдохоо больж байгаа шинжтэй. Хэлэлцүүлэг 13.00 цагт өндөрлөхөд 50 гаруй санал цаасан дээр бичигдсэн байлаа. Энэхүү санал бүрийг шүүн авч хэлэлцэх ёстой гэсэн Ерөнхийлөгчийн үгийг хүмүүс их л эерүү талархалтайгаар хүлээн авч байв. Өөрийнх нь санаа оноо бүхэн тусгалаа олох итгэл төрж байгаа болохоор.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч гэсэн олон нийтийн санаа бодол туйлын чухал гэдгийг уул уурхайн салбар нь зөв голдьролоор хөгжиж байгаа улсуудын жишээгээр илэрхийлж байлаа. Ард түмнийхээ эрх ашгийг хүндэтгэдэг, саналыг нь сонсдог, ард иргэд нь дургүй байгаа зүйлээ өөрчилж чаддаг нээлттэй ардчилсан улсууд л зөв замаар хөгжиж байна аа гэж. Түүний бас нэг онцолсон зүйл нь Монголын ардчилсан нээлттэй, ил тод байхыг эрхэмлэдэг гэсэн үнэлэмж Монголыг дэлхийтэй нэгтгэж байдаг, энэ үнэлэмж бидний маш том давуу тал бөгөөд орхиж болшгүй зүйл гэдгийг онцолж байлаа. Тэрбээр мөн Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хэн боловч усыг нь уувал ёсыг нь дагадаг жаягаар хууль, журмыг биелүүлэх ёстой гэдгийг анхаарууллаа. Тэрбээр хэлэлцүүлгийн эхний өдөр ч уул уурхайн салбарт өөрөө оролцоотой, гэр бүлийн бизнестэй хүмүүс төрийн шийдвэр гаргах албанд ажиллах шаардлагагүй гэж хатуу анхааруулж байв. Үүнд уул уурхайн компанид таваас дээш хувийн оролцоотой хүмүүс сайн дураараа албаа өгчих хэрэгтэй, уул уурхай хүссэн хүн болгоны шургалан ордог салбар биш, мэргэжлийнхэн нь төрийн хатуу хяналтын дор зохих ёсоор ажилладаг хатуухан салбар байх болно гэсэн дохиог үүгээр илэрхийлэхийг хүсч байгаа аж. Албан тушаалтантай хариуцлага тооцно гэсэн санааг Ерөнхийлөгч хаа ч хэзээ ч хатуухан илэрхийлдэг. Энэ удаа ч өмнө нь Утаатай тэмцэх хууль санаачлаад УИХ-д оруулахад манай эрхэм хууль тогтоогчид буруутай албан тушаалтантай хариуцлага тооцох заалтыг нь хасаад баталчихсан гашуун туршлага байгааг санууллаа. Тийм учраас энэ удаад Ашигт малтмалын хуульд хийх өөрчлөлтөд хатуухан хандах бололтой, өөрөө хууль санаачлан УИХ-д өргөн барина гэлээ. Мэдээж хэрэг олон нийтийн болон мэргэжилтэн, судлаачдын дээр дурдагдаж байгаа санаа оноог бүгдийг нь оруулаад.
Бас нэг зуунги сануулга бол албан тушаалаа буюу мэдээлэл түлхүү авч байгаа боломжоо ашиглаад хуульд ийм өөрчлөлт оруулах гэж байгаа учир өмнө нь “бужигнуулаад авъя” гэсэн санаатай хэн нэгэн байвал бодлоо орхихыг хатуухан сануулав. Энэ мөн ашигт малтмалын лиценз олгохыг түр түдгэлзүүлээд байгаатай ч холбоотой байж болох юм. Өнгөрсөн жил Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан түр түдгэлзүүлэх чиглэл нөгөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-наар дуусгавар болно. Гэхдээ оролцогчдын уур амьсгал, Ерөнхийлөгчийн байр байдлаас ажихад энэ хугацааг сунгах болов уу. Одоогийн үүсээд байгаа хүндрэлтэй асуудлуудыг шийдэхийн тулд лиценз дахин олгохгүй байх нь зүйтэй гэдэг үүднээс ийм шийдвэр гаргасан. Ашигт малтмалын талаарх хууль эрх зүйн актуудаа шинэчилж байж л дараагийн алхам тодорхой болох учир лизензээ олгохгүй байх хугацааг сунгаж л таарах байлгүй дээ. Хамгийн гол хүлээлт нь мэдээж хэрэг хэзээ энэ хуулийн төслөө нэгтгэж, чамбайруулж УИХ-д өргөн барьж, зарим асуудалд хэтэрхий хөшүүн ханддаг УИХ нь хуулиа баталж гарах юм бол гэдэг. Үүнд Иргэний танхимд болсон дээрх хэлэлцүүлэг бас нэмэр тусаа өгөх болтугай.