Улсын тэмдэгтийн хураамжийг өөрчилнө

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Улсын тэмдэгтийн хураамжийг өөрчилнө

Монгол Улсын Засгийн га­зар Улсын тэмдэгтийн хураам­жийн тухай хуульд өөрч­лөлт оруу­лахаар шийджээ. Энэ асууд­­­­лыг өчигдрийн ээлжит ху­ралдаанаараа хэлэлцээд, дэмж­­сэн байв. Хуульд өөрчлөлт оруулс­наар спиртийн өндөр агууламжтай согтууруулах ун­даа худалдах тусгай зөвшөөр­лийг нийслэлд олгоход нэг сая төгрөг, аймгийн төвийн сумдад 600 мянга, суманд 300 мянган төгрөг  байхаар тусгасан бол уг тусгай зөвшөөрлийг сунгахад нийслэлд 300 мянга, аймгийн сумдад  200 мянга, суманд 100 мянган төгрөг болгохоор заажээ.  Харин спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдаа­л­ах зөвшөөрлийг 300 мянган төгрөгөөр баталсан байсныг хэ­вээр нь үлдээж, нийслэлд 300 мянган төгрөг, аймгийн төвд  200 мянга, сумдад 100 мян­ган төгрөг болгосон байна. Энэ зөв­шөөр­лийг сунгахад нийслэлд 100 мян­га аймгийн төвийн суманд 70 мянга, сумдад 40 мян­ган төгрөг болгохоор  тусгажээ.  
Согтууруулах ундаагаар баар цэнгээний газрууд шөнийн 00 цаг хүртэл үйлчлэхэд 20 сая төгрөгийн зөвшөөрөл олго­дог байс­ныг нийслэлд 1.5 сая, айм­гийн төвийн сумдад 800 мянга, бусад сумдад 500 мянган төгрөг байхаар заасан бол  сунгалтыг нь нийслэлд 500 мянга, аймгийн төвийн сумдад 400 мянга, бусад суманд 200 мянган төгрөг байхаар өөрч­лөлт оруулсан аж.
Тэгвэл спитрийн сул агуу­­ламж­тай согтууруулах ундаа­гаар үйлчлэхэд нийслэлд 750, аймгийн төвд 450, суманд 250 мянган төгрөг. Тусгай зөв­шөөр­лийг сунгахад нийслэлд 400 мянга, аймгийн төвийн сум­дад 200 мянга, бусад суманд 120 мянган төгрөг байхаар тус бүр өөрчилсөн байна.
Мөн дээрх хуулийн хү­рээнд химийн хортой болон аюул­тай бодисыг импортлох, экспортлох, хил дамжуулан тээ­вэр­­лэх, ашиглах, худалдах, тусгай зөвшөөрлийг олгоход 75 сая төгрөгийн төлбөр төлөхөөр тогтоосон байсныг өөрчлөхөөр болжээ. Ингэхдээ  төрөл бүрээр нь ангилах шаардлагатай гэж үзээд, дотор нь  дөрөв  ангилсан байна. Тухайлбал, Тэсэрч дэл­бэ­рэх, химийн хорт болон аюул­­тай бодис үйлдвэрлэх тус­­гай зөвшөөрөл олгоход 50 сая төгрөг байсныг 50 мянган төгрөг болгож бууруулсан бол стандартын хүлцэх хэмжээнд тог­­тоогоогүй бохирдуулах боди­­сыг агаарт гаргах тусгай зөвшөөрөл 26 сая байсныг 2 сая болгож өөрчилжээ. Энэ мэтчлэн долоон зүйлийн 30 гаруй заалт дээр мэргэжлийн холбоод, яам, агентлагуудын саналыг авч, нэмэлт өөрчлөлтүүдийг оруул­сан бөгөөд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг нэмж тусгаад хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар тогтжээ.
Түүнчлэн энэ удаагийн Зас­­гийн газрын ээлжит хурал­даанаар хэлэлцсэн бас нэг чухал асуудал нь  Монгол Улсын 2010 оны төсвийн гүйцэтгэлийн ту­хай, 2012 оны төсвийн хүрээ­ний мэдэгдэл аж. Сангийн сайд С.Баярцогтын хэлснээр бол 2010 он Монгол Улсын хувьд  санхүү эдийн засгийн хямралаас гарч, эдийн засаг сэргэсэн эерэг он болжээ. Энэ нь 2010 оны төсвийн гүйцэтгэлээр  тодорч буй аж.  Ту­хайл­бал, Монгол Ул­сын нийт орлого 3 их наяд 122.5 тэрбум төгрөг болж, ор­ло­гын төлөвлөгөө 115.8 ху­виар биелэжээ. Зарлага  3 их наяд 80.7 тэрбум төгрөг буюу 97 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Ингэснээр улсын төсөв 31.8 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Төсөв ашигтай гарахад нөлөөлсөн гол үзүүлэлт нь эдийн засаг сэргэснээр үйлд­вэр үйлчилгээнүүдийн үйл ажил­­­­­лагаа жигдэрч, эрдэс баял­гийн гол нэр төрлийн бүтээг­дэхүүний үнэ өндөр байсантай холбоотой гэнэ. Тоон үзүүлэлт авч үзвэл татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн тоо өмнөх оны­хоос 5567 гоор нэмэгдэж, алдагдалтай тайлан гаргадаг бай­сан аж ахуйн нэгжүүдийн тоо 277-гоор буурчээ.  Үр дүнд нь татвар ногдуулах орлого 498.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, тат­вар  ногдуулалт 101 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.  Мөн дэлхийн зах зээлд зэсийн үнэ өндөр байсан нь төсвийн орлого бүрдүүлэлтэд эерэг нөлөө үзүүл­жээ. Монгол Улсын 2010 оны төсвийг тодорхойлохдоо зэ­сийн үнийг тонн тутамд 5800 ам.доллар байхаар тогтоосон. Гүйцэт­гэлээр зэсийн үнэ тонн тутамд 7538 ам.доллар бол­сон. Өөрөөр хэлбэл, дээрх үнийн зөрүүнээс хамаарч,  их хэм­жээ­ний орлого бий болж, төс­вийн орлогод сайнаар нө­лөөл­жээ.   
Харин төсөвт төвлөрсөн орло­гыг дараах байдлаар зар­цуул­сан байна. Тухайлбал, 27.6 тэрбум төгрөгийг ахмад дайчдад дэмжлэг үзүүлэх чиглэлээр зар­цуул­сан бол жирэмсэн,  нярай эх­чүүдэд олгох санхүүжилтэд 16.1 тэрбум төгрөг олгожээ.  Одон­той эхчүүдэд олгох  нэг удаа­гийн тэтгэмжид зориулж 15.7 тэрбум төгрөг зарцуулсан бол  бусад тэт­гэмжид 23.9 тэр­бум төгрөг олгосон гэж мэ­дээлж байна. Түүнч­лэн хөдөл­мөр эрхлэлт, бизне­сийн үйл ажиллагааг дэм­жих хүрээнд 31 тэр­бум төгрөг,  атрын гурав­ду­гаар аяныг эрчим­жүүлэх  хү­рээнд тариалан эрх­лэгч­дэд 12.6 тэр­бум төгрөгийн татаас олгожээ. Орон сууцжуулах хөтөл­бөрийн хүрээнд 80 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг Засгийн газрын бонд гаргаж,  жижиг,  дунд үйлдвэрийг дэм­жих хүрээнд 12.5 тэрбум төг­рөгийн татаасыг олгосон гэх мэдээллийг Сангийн сайд өглөө.  

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж