&#34Эвэр нь ургасан ишиг&#34

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

&#34Эвэр нь ургасан ишиг&#34

УИХ-ын гишүүн Ж.Батзандан ойрдоо “хуучин ажлаа” санагалзаад байна уу гэлтэй аашлах болов. “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэдэг үгийг түүнд зориулаад зохиочихсон юм шиг санагдаж эхэллээ. Өнгөрөгч баасан гарагт болсон УИХ-ын чуулганы хуралдаан дээр тэрбээр жинхэнэ “цам харайв”. Долоодугаар сарын 1-ний үймээний турхирагчаар бараг л зарлагдах шахаж, Ганцад хүртэл сууж үзсэнийг нь бодвол хал үзэж халуун чулуу долоосон “догь” улстөрч гэж үнэлмээр. Сүүлийн үед тэрбээр УИХ-ын гишүүдээ үзэн ядаж, Засгийн газрыг муулж “кайф” авдаг ажилтай боллоо. УИХ-ын зарим гишүүдийг эгүүлэн татъя гэж уриалж, гадаад нөхөртэй хүүхнүүдийг “шалгаж тагнах” хэрэгтэй гэж адлагдаж, оффшор данстай цөөнгүй гишүүн энэ УИХ-д байгаа гэж гөрдөж, эцэст нь энэ Засгийн газар ямар ч эрхзүйн чадамж алга, энэ Ерөнхий сайд шиг “тэнэг” хүн алга гэж халаглаж эхэллээ. Ингэснээрээ тэр өөрийгөө гоё харагдана гэж тооцоолсон бололтой. Түүнийг юу ингэтэл нь хатгаж, зүгээр суулгахгүй байгаа юм бол гэмээр. Нэгэн цагт ядарч явахдаа нөмөр нөөлөгт нь шургасан намын нөхдөө, журмын андуудаа үзэн ядах учир шалтгаан байхыг үгүйсгэхгүй. Гэлээ гээд сөрөг хүчнийхэндээ хангалттай чичлүүлж байгаа энэ үед намынхандаа харин ч хань бараа болж, эр хүний жудгаа гаргасан бол жинхэнэ “гоё” харагдах байлаа. Гэвч тэгсэнгүй. Тэр жинхэнэ тэмцэгч, ясны жагсагч хүн. Жагсаж, тэмцэж байсан үе нь бодогдоод гудамжинд гармаар санагдаад байгаа ч юм шиг. Төрийн түшээ төр засгаа шүүмжилж болно. Хэн нэгнээс онцгойрч, өндөр дуугаар бусдыг “доош нь хийснээрээ” жинхэнэ улстөрч болчихдог гэж эндүүрээгүй л байгаасай.

Б.ОЮУНГЭРЭЛ
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж