Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран "СПОРТ ФОТО-2013" Оны шилдэг гэрэл зургийн уралдаан зарлаад байгаа билээ. Уг уралдаан 2013 оны туршид үргэлжлэх бөгөөд гранпри шагналаас гадна тусгай байрт гурван бүтээлийг тодруулах юм.
Түүнчлэн Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос “Спорт фото” гэрэл зургийн уралдааны ялагчийг 2014 оны Азийн наадамд оролцох эрхээр шагнахаар болсноо албан ёсоор зарласан байна.
“Спорт фото” гэрэл зургийн уралдааныг “Сочи-2014” олимпод зориулан явуулж байгаа тул өвлийн спорт, цагаан олимптой холбогдох бүтээлд анхаарлаа хандуулахыг гэрэл зурагчдад анхааруулж байна. Бүтээл авах хугацаа 2013 оны арванхоёрдугаар сарын 25-нд тасалбар болох ба ирүүлсэн бүтээлүүдээр ирэх оны нэгдүгээр сард Оросын шинжлэх ухаан, соёлын төвд үзэсгэлэн гаргах ажээ.
Уралдаанд оролцогчид таваас илүү гэрэл зургаар оролцох ба дижитал хувилбарыг JPEG, GIF файлаар CD/DVD хэлбэрээр ирүүлэх ёстой юм байна.

Б.ЭНХ