
Кенийн нийслэл дэх хамгийн том “Westgate” худалдааны төвд өнгөрсөн есдүгээр сард аль-Шабааб зэвсэгт бүлэглэлийн хэсэг дайчид халдлага үйлдэж, олон зуун хүнийг барьцаалсан хэрэг гарсан билээ. Дөрвөн өдөр үргэлжилсэн халдлагын улмаас нийт 67 хүн амь үрэгдэж, худалдааны төвийн барилга сүйдсэн юм. Харин Кенийн цэргүүд зэвсэгт дайчдын эсрэг тусгай ажиллагаа явуулах үеэрээ худалдааны төвийн бараа бүтээгдэхүүнээс хулгайлсан гэх хэрэг илэрч шуугиан тариад байна. “Reuters” агентлагт мэдээлснээр “Westgate” худалдааны төвд байрлах хяналтын камер /CCTV/-т Кенийн армийн хэдэн цэрэг гар утасны дэлгүүрээс цагаан гялгар ууттай бүтээгдэхүүн авч гарч яваа нь тодорхой бичлэгдэн үлдсэн аж. Одоогоор Кенийн армийн зүгээс цэргийнхний нэр хүндийг унагасан ичгүүрт хэргийг мөрдөн шалгаж байгаа юм байна.
Түүнчлэн Кенийн худалдааны төвд 10-15 зэвсэгт дайчин халдлага үйлдэж, хүн барьцаалсан гэж албаныхан мэдээлсэн боловч хяналтын камеруудад тэднээс дөрвийнх нь л дүрс бичигдсэн үлдсэн гэнэ.
Б.АНХТУЯА