Н.Баярмаа маргааш хүч сорино

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

Н.Баярмаа маргааш хүч сорино

Монгол улсын гавьяат тамирчин Н.Баярмаа маргааш 63 кг-д өрсөлдөнө. Түүний жинд 30 гаруй тамирчид оролцох аж.

Польшийн Вроцлав хотноо хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Энэ сарын 20-нд эхэлсэн 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 59 улсын 317 тамирчин эмэгтэй долоо, эрэгтэй найман жинд өрсөлдөж буй.

Тэмцээний эхний өдрүүдэд эмэгтэй 48 кг, 53 кг, эрэгтэй 56 кг-ийн жингийн аваргууд тодорсон байна. Дээрх жингүүдэд Азийнхан медалийн тавцанд илүүрхэж зогсчээ. Тухайлбал, (багаар) БНХАУ хоёр алт, нэг мөнгө, БНАСАУ нэг алт, нэг мөнгөн медаль, Азарбейжан нэг мөнгөн медаль хүртээд байгаа бол Тайланд, Вьетнам, Мехиско тус бүр нэг хүрэл медаль хүртсэн байна.

Дэлхийн аваргын нэг онцлог нь огцом болон түлхэлттэй төрөлд аль алинд нь медальтай бөгөөд БНХАУ ес, БНАСАУ зургаан медальтайгаар тэргүүлж байна.

Монгол улсаас гавьяат тамирчин, ОУХМ Н.Баярмаа, дасгалжуулагч Я.Дөрвөнжин, шүүгч Б.Гансүх нарын хамт оролцож буй. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохын өмнө гавьяат тамирчин Н.Баярмаагийн хувьд Зүүн Азийн VI наадмаас 63 кг-д мөнгөн медаль хүртсэн.

Өдгөө 35 настай, Монгол улсын гавьяат тамирчин Н.Баярмаагийн хувьд "Афин 2004", "Бээжин 2008" олимпод оролцож байсан бөгөөд улсын дээд амжилтыг 100 гаруй удаа шинэчлэн тогтоогоод байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж