“Оросын балетын одод” тоглолтыг хүлээсэн хүмүүс 16:00 цагаас л театрын үүдэнд цугласан байв. Энэ тоглолтын тасалбар 60-80 мянга төгрөг. Монголын хүн амын дийлэнх нь тэр болгон ийм мөнгө төлөөд балет үзэж амжихгүй. Тэгээд ч үзье гэсэн хүн бүхэнд суудлын тоо хүрэлцэхгүй. Тийм болохоор л урлагийн тоглолт, спортын тэмцээн уралдааныг сурвалжилж уншигч, үзэгч, сонсогчдод дамжуулах нь хэвлэл мэдээллийнхний дуртай ажлын нэг. Гэгээрүүлэх үүрэг нь байдаг.
Гэтэл найрсаг, сонгодог харьцаатай байсан Дуурийн театр энэ удаа оросын балетын оддын тоглолтыг сурвалжлах ажилд хүндэтгэлгүй хандсаны учир тэр гоё тоглолтын сонин сайхныг уншигчдадаа хүргэж чадсангүй. Тасалбар аваад мэдээлэх боломж бидэнд байдаг ч сурвалжлах эрхийн мандат бол сэтгүүлчдийг ажлаа чөлөөтэй хийх эрхийг нь баталгаажуулсан, бидний хувьд тэдний ажлыг, бас үзэгчдийг хүндэтгэж буй эрхийн бичиг юм. Нөгөө талаар үзэгчид бол зуу ч бай, мянга ч бай өөрсдийн хүслээр урлаг, соёлын тоглолтыг үзэж сонирхоод театрын хаалгыг хаадаг бол сэтгүүлчид уран бүтээлчдийнхээ уран бүтээлийг танхимд цугласан хүнээс хэд дахин олон хүнд үзүүлж, ярьж, хүргэж өгдөг үүрэгтэй гэж ухамсарладаг билээ.
Манай урлагийнханд нэг дутагдал байдаг. Заавал өөрийгөө сайн сайхнаар харагдуулах гэдэг, заавал өөрийнхөө ярьсныг бусдад таалагдуулах гэдэг. Урлаг сайхан. Гэгээлэг. Сайн сайхныг нь түрүүлж бид энэ ертөнцөөс олж харан, эргээд олон нийтэд түгээх ёстой. “Миний ярилцлага олон таалагдсангүй” гээд хэлсэн ярьснаа үгүйсгэж, уншигчдын бичсэн сэтгэгдэлд бухимдан үдэш оройн цагаар сэтгүүлч рүү давшилж байдаг дарга нар байхыг урлагийн удирдлагуудаас харж л байлаа.
Уран бүтээлчид заримдаа тоглолтдоо урьчихаад, бидний хүсээд байгаа сурвалжлах эрхийн мандат олгочихоод араас нь “Гоёор бичээд өгөөрэй. Тэгж магтаад өгөөрэй” гэж захиж үүрэгдэх нь ч байдаг. Тэгээд ГОЁ бичихгүй бол, тавьсан жүжиг, гаргасан киноных нь тухай өчүүхэн төдий таагүй зүйл бичигдвэл тэдний дийлэнх нь “Дахиж харьцахгүй” гэсэн тээг тавьдаг. Ийм байж болохгүй шүү, урлагийнхан минь гэж дахин дахин хэлмээр байна.
Та бүхэнд уншигчид, үзэгчид хайртай. Урлагт хүн бүхэн хайртай. Бид ч бас хайртай. Гэхдээ зөвхөн магтаал сонсдог урлагийнхан, зөвхөн магтаал бичдэг сэтгүүлзүй байх юм бол уншигчид л хууртана шүү. Сурвалжлах эрхийн мандат бол магтах эрхийн мандат биш.
Өө тийм. Дуурийн театрынхан “сайхан сэтгэл” гаргаж, хаалгаараа оруулж, хэдхэн минут харж зогсох давчуу эрх олгосны хүчинд Оросын балетчдын тоглолтын уур амьсгалыг өчүүхэн боловч мэдрээд гарснаа хэлэх хэрэгтэй байх.
Тайз гоё, балет гоё, бүжигчид гоё… Дуурийн театрт ороод гарах бүрт төрдөг мэдрэмж урьдын адил хөглөгдөж, Орос бүжигчдийн авьяасыг хүн бүхэн миний адил хүндэтгэн хайрлаж байлаа. Монголын сонгодог урлаг, тэр тусмаа балетын урлаг Орос оронтой салшгүй холбоотой. Оросын балетчид Монголын тайзыг хүндэтгэн ирж байсан түүх өнөөдөр 30 жилээр тоологдоно. Тийм ч болохоор агуу “Их театр”-ын бүжигчид бидний өмнө бүжнэ гэдэг, түүнийг үзнэ гэдэг гайхалтай бэлэг юм.