Мөнгө тараасан этгээдүүд ял сонслоо

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

Мөнгө тараасан этгээдүүд ял сонслоо

Өнгөрсөн жил болсон орон нутгийн сонгуулийн үеэр мөнгө тараасан гэх хэргийн шүүх хурал өмнө хоёр удаа хойшилсон талаар бид мэдээлсэн. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын сонгуулийн үеэр мөнгө тараасан гэх эл хэргийн шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд товлосон ёсоор болж 19.00 цагийн орчимд өндөрлөсөн байна.

Хурлаар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Хишигсүрэн, түүний туслах Б.Гал-Эрдэнэ, Г.Сүхбаатар, Ш.Гантулга, МАН-аас нэр дэвшигч Ц.Бугасүрэн, түүний менежер Ч.Батманлай нарт холбогдох хэргийг хэлэлцэн хэргийг зохион байгуулагч гэгдсэн МАН-аас нэр дэвшигч Ц.Бугасүрэн болон түүний менежер Ч.Батманлай нарт таван сар, МАХН-аас нэр дэвшигч Н.Хишигсүрэнд дөрвөн сар, бусдад нь гурван сар 10 хоногийн баривчлах ял тус тус оноолоо. Шүүгдэгчид шүүх хурлын үеэр МАХН-аас нэр дэвшигчид өөрсдөд нь өмнө санал өгсөн сонгогчдыг МАН-д саналаа өгүүлэхээр ятгаж мөнгө тараасан гэдгээ мэдүүлсэн аж. Тус дүүргийн ИХТ-ын сонгууль сонгогчдын ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар дахин санал хураалт явуулахад ийнхүү МАН болон МАХН тохиролцож мөнгө тараасан гэсэн гомдлыг Ардчилсан намаас нэр дэвшигч Т.Ганболд гарган өмгөөлөгчөөр нь Ч.Баднайнямбуу нар ажилласан юм байна.

Ийнхүү сонгуулиар мөнгө тараасан гэх бас нэг хэргийн холбогдогчид шүүхээс ял сонслоо. Гэхдээ тэд мөн мөнгө тараах ажлыг гардан зохион байгуулсан гол хүмүүс шүүхээс ял сонсоогүй гэсэн гомдолтой байгаа аж.

Өмнө нь мөн УИХ-ын сонгуулийн үеэр Увс аймагт мөнгө тараасан гэх хэрэгт  долоон хүн ял авсан ч гол зохион байгуулагчид ямар ч ял шийтгэлгүй өнгөрсөн гэсэн гомдол байгаа юм.

     А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж