Ирэх оны төсвийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй. Энэ үед сайд нарын төсвийн багцад хэчнээн төгрөг төсөвлөж, чухам юунд зарцуулах гэж буйг манай сонин цувралаар танилцуулж байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн дугаарт Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын төсвийн багцын задаргааг тоймлон хүргэе.
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны ирэх оны төсөвт нийт 70 тэрбум 17 сая 200 мянган төгрөгийг урсгал зардалд зориулжээ. Үүнээс 25 тэрбум 761 сая 600 мянган төгрөгийг цалин болон нийгмийн даатгалын шимтгэлд, 43 тэрбум 549 сая 400 мянган төгрөгийг бараа үйлчилгээний бусад зардалд, 706 сая 100 мянган төгрөгийг татаас, шилжүүлэгт зарцуулахаар боловсруулсан байгаа юм. Өмнө нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун энэ оны төсвийн төслөө боловсруулахдаа хөтөлбөрт суурилсан дунд хугацааны арга хэмжээг санхүүжүүлэх, төсвийн зарцуулалтын үр дүнг дээшлүүлэхэд бодитой, үндэслэлтэй төлөвлөхийг зорилт болгосон гэдгийг хэлж байсан. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамныхан энэ жилийн төсвийн багцаа 82 тэрбум 729 сая 400 мянган төгрөг байхаар боловсруулжээ. Үүнээс урсгал зардал 73 тэрбум 740 сая 800 мянган төгрөг, хөрөнгө оруулалтын зардал найман тэрбум 985 сая 600 мянган төгрөг байхаар тусгасан. Гэвч Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын энэ оны урсгал зардал анх боловсруулснаас даруй тав орчим тэрбум төгрөгөөр танагдаж 68.1 тэрбум төгрөг батлагдсан. Тэгэхээр С.Оюун сайдын ирэх оны төсвийн багцыг энэ оныхтой харьцуулбал 12 тэрбум төгрөгөөр буурсан байгаа юм.
Тус яам нь ирэх онд нэн ховор, ховор амьтан ургамал хамгаалах, тарих дөрвөн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд Засгийн газрын тогтоолоор Монголын амьтан ургамал хамгаалах үндэсний хорооны ажлын орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан 16.2 сая төгрөгийг төсвийн төсөлд нэмж тусгажээ. Мөн байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих бодлогын эрхзүйн орчинг сайжруулахаар томоохон 100 төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийх аж. Ирэх онд “Олон зорилтот ойн тооллого”-ыг гадаадын байгууллагатай хамтран зохион байгуулахад нэг тэрбум төгрөгийг, Биологийн төрөл зүйлийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийг улсын тусгай хамгаалалттай газар нутагт хэрэгжүүлэхэд 1.5 тэрбум төгрөгийг тус тус төлөвлөөд байгаа аж. Түүнчлэн Тусгай хамгаалалттай газрын тухай хууль болон Засгийн газрын тогтоолын дагуу ирэх онд 61 байгаль хамгаалагчийг гэрээтээр нэмж ажиллуулах, мөн 79 байгаль хамгаалагчийг улсын байцаагчын эрхтэй болгосны цалингийн зөрүү, захиргааны газруудын байгаль хамгаалал, нөхөн сэргээх үйл ажиллагааны зардлыг нийт 963.6 сая төгрөгөөр нэмэгдүүлэн төсвийн төсөлд тусгасан байна. Үүнээс гадна ирэх онд сав газрын гурван захиргаа нэмэгдэн нийт 26 захиргаа үйл ажиллагаа явуулах болсонтой холбогдуулан орон тоо, цалин, нийгмийн даатгалын шимтгэл болон бусад шаардлагатай бараа үйлчилгээний зардалд нийт 862.3 сая төгрөгийг нэмж тусгажээ.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
