
Нийслэлийн хэмжээнд хэдэн ТҮЦ зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг тухай албан тоо байдаггүй аж. Харин албан ёсны тоог ТҮЦ-үүдийг буулгах ажил дууссаны дараа нэгдсэн байдлаар нийслэлийн Газрын албанаас гаргах аж. ТҮЦ-үүдийг буулгах ажлын зохион байгуулалтыг тус газар хариуцаж байгаа юм.
Үүнтэй холбогдуулж нийслэлийн Өмчийн харилцааны газрын Кадастрын хэлтсийн дарга Б.Батчимэгээс зарим зүйлийг тодруулсан юм.
Б.Батчимэг:
-Нийслэлд үйлчилгээ эрхэлж байгаа зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг буулгаж байгаа. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юу?
-Нийслэлийн Засаг даргын захирамж гарсны дагуу бүх дүүргийн Өмчийн харилцааны газрын дарга нараар ахлуулсан ажлын хэсгийг байгуулж, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ, граж, павильон, байшин зэргийг буулгах арга хэмжээг авч байгаа. Бидэнд ирсэн дүүргүүдийн мэдээллээс үзэхэд зөрчилтэй гэсэн нийт 503 газар байгаа юм. Тухайлбал Баянгол дүүрэгт 96 ширхэг граж болон павильюн, Баянзүрх дүүрэгт 12 граж, хоёр өргөтгөл, 22 ТҮЦ, Сүхбаатар дүүрэгт 33 хашаа, хоёр өргөтгөл гэх мэт зөрчил илэрсэн. Гэхдээ дээрх тоонд автобусны буудлын ТҮЦ-үүдийг оруулаагүй. Учир нь автобусны буудал дээр байрлах ТҮЦ-үүд нь нийслэлийн Нийтийн тээврийн газартай гэрээ хийсэн байдаг. Гэхдээ дээрх газруудад мөн л газар эзэмших эрхийн зөвшөөрөл байхгүй.
-Бүгд зөвшөөрөлгүй гэж байна. Тэгэхээр ямар журмаар үйл ажиллагаа явуулах эрх өгдөг юм бол?
-Зөвшөөрөл нь нийслэлийн Засаг даргын захирамж гарсны үндсэнд гэрээ хэлэлцээр хийсний дүнд бий болдог. Гэтэл ялангуяа ТҮЦ-үүдийн тухайд нийслэлийн Газрын албанаас өгдөг актыг зөвшөөрөл гэж ойлгодог. Акт нь уг нэгж нь тухайн жилд үйлчилгээ явуулсан нь үнэн гэсэн баримт төдий л зүйл. Үүнийг зөвшөөрөл гэж буруу ойлгож болохгүй. Ингэхээр нийслэлд зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ гэж байхгүй. Манай газраас ч эдгээр газарт газар эзэмших зөвшөөрөл олгоогүй гэсэн үг.
-ТҮЦ-үүдийг буулгаж байгаа нь зөв. Гэхдээ ямарваа ажлыг зохион байгуулахын тулд иргэд ямар нэгэн хохиролгүй үлдэх хэрэгтэй. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ?
-ТҮЦ-үүдэд зөвшөөрөл гэж байдаггүй учраас уг арга хэмжээг авч байгаа юм. Хэрвээ иргэн өөрийнх нь өмчид халдсан гэж үзвэл шүүхийн дагуу асуудлыг шийдвэрлүүлж, ТҮЦ-ээ өөрийн эзэмшил талбайд тавьж болно. Тэгэлгүйгээр нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй, өөрсдийн дураар үйл ажиллагаа явуулж байгаа тул нэгдсэн байдлаар арга хэмжээг авч байгаа юм. Хэрвээ тухайн иргэн газар эзэмших эрхээ нь үүсгэсэн, дүүргийн тохижилт үйлчилгээний компанитай гэрээ хийчихсэн бол бид ТҮЦ-ийг нь буулгахгүйгээр иргэнээс биелэлт нэхнэ. Тухайлбал та цэвэрлэгээгээ хийх ёстой, өөрийн байгууламжийн эргэн тойронд ногоон байгууламж бий болгох зэргээр зохих шаардлагыг тавина.
-Газрын зөвшөөрөлтэй ТҮЦ-үүдэд нөхөн олговор олгон гэсэн мэдээлэл байна. Тэгэхээр ТҮЦ-үүд зөвшөөрөлгүй учраас энэ худлаа болж байна уу?
-Нөхөн олговорыг олон янзаар олгож болно. Газрын тухайд бол зөвшөөрөл авчихаад тухайн зөвшөөрөлтэй гэх газрынх нь хугацаа дуусаагүй байхад өөр зориулалтаар ашиглах тохиолдолд яригдана. Аль эсвэл газрыг төрөөс эргүүлэн татан авах тохиолдолд нөхөн олговор олгох асуудлыг ярьж болох юм. Харин ТҮЦ-үүдэд газрын зөвшөөрөл байхгүй учраас нөхөн олговор олгохгүй.
М.Сэргэлэн
Газар чөлөөлөхтэй холбоотойгоор нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн мэргэжилтэн М.Сэргэлэн ийн ярьсан юм. -Зөвшөөрөлгүй үйлчилгээ явуулж байгаа ТҮЦ-үүдийн газрыг ямар журмаар чөлөөлүүлж байгаа вэ?
-Тухайн ТҮЦ-ийн эзэд тодорхой хэмжээгээр улирал, жилээр төлбөр төлдөг. Гэвч явган хүний болон автобусны буудлыг өргөтгөх шаардлагатай үед дээрх газрууд бүсээ чөлөөлж өгөх шаардлагатай байдаг. Иймд тэдэнд долоо хоногийн хугацаатай газар чөлөөлөх шаардлагыг тавилаа гэхэд тогтсон хугацаанд газраа чөлөөлж өгдөггүй. “Нийтийн эзэмшилд зөвшөөрөлгүй буусан ТҮЦ, граж, павильон зэргийг албадан буулгана” гэсэн захирамж гарснаас хойш зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа бүх газарт шаардах хуудас хүргүүлсэн байгаа. Үүний дагуу цөөн тооны ТҮЦ-ийн эзэд газраа чөлөөлсөн.
-Одоогоор үйл ажиллагаагаа явуулж байгаа хэд, хэдэн ТҮЦ байна. Эдгээрийг хэзээ буулгах вэ?
-Автобусны буудал дээр хоёр ТҮЦ үйл ажиллагаа явуулж байхад нэг нь улаан, нөгөө нь цэнхэр өнгөтэй байна. Энэ бүхнийг нэг стандартад оруулах шаардлагатай юм. Сүхбаатар дүүрэгт гэхэд 50 гаруй ТҮЦ үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээрийн 50 гаруй хувийг нь шат дараагаар нь арга хэмжээ авч буулгаж байна. Гэхдээ эдгээр ТҮЦ-ийг бүгдийг нь нэг дор буулгачихна гэж байхгүй. Тиймээс үүнд ажлын хэсэг гарч буулгах арга хэмжээг эхнээс нь авч байгаа.
Тэрбээр ийн ярьсан юм. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжийн дагуу нийслэлийн Нийтийн тээврээс хотын төвийн 200, хотын захад байрладаг 50 зогсоолын шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байгаа аж. Тус газраас энэхүү ажлын хүрээнд автобусны буудлын хажууд ТҮЦ байлгахыг хориглоод буй гэнэ. Нөгөөтэйгүүр уг ажлыг дүүргүүдийн Өмчийн харилцааны газар, Газрын алба гүйцэтгэж байгаа гэх боловч зарим автобусны зогсоолын дэргэд ТҮЦ үйлчилгээ явуулж байгаа нь дүүргүүдээс нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой графикыг ирүүлэхгүй байгаатай холбоотой бололтой. Автобусны буудлын хажууд байрлаж байгаа ТҮЦ-үүдийг буулгаснаар оронд нь саравч, автобусны чиглэл заасан мэдээллийн самбар, автобус ирэх хугацаа, гэрэлтүүлэг, хогийн сав зэрэг стандартын дагуу байх шаардлагатай байгууламжуудыг барих юм байна.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
