
МАН-ын бүлгийн хувьд энэ онд төсөвт тусгагдсан мөртлөө хийгдээгүй чухал ач холбогдолтой ажлуудыг ирэх жил гүйцээж дуусгах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс бүлгийн хуралдаанд Үндэсний аудитын газрын удирдлагуудыг байлцуулж, 2013 оны төсвийн гүйцэтгэлийн явц, 2014 оны төсвийн төсөлтэй холбогдуулж мэдээлэл гаргаж өгөх шаардлага тавьсан байна. Тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.
-Ардын намын бүлэг Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа. Энэ шаардлагаа дахин тавих уу?
-Дахин тавихаас өөр аргагүй нөхцөл байдал үүсч байна. Төсвийн гүйцэтгэл 80 хувийн биелэлттэй байхад төлөвлөсөн ажлууд яагаад хийгдэхгүй байгаа, өөрсдийнхөө баталсан төсвийг ямар учраас авлигажсан төсөв гэж нэрлэж байгаа, энэ талаар шүүмжилсэн Ардын намын бүлгийн гишүүдийг нэг нэгээр нь онилж, эргээд тэр хүмүүсийг асуудалтай юм шиг харагдуулах сурталчилгаа нэвтрүүлгийг ямар зорилгоор цацаад эхлэв гэдэгт хариулт авах шаардлага бий болоод байна. УИХ-ын ээлжит бус чуулганы эхэнд манай намын бүлэг мэдэгдэл хийж, Засгийн газарт хариуцлага тооцох шаардлагыг эрх баригчдад тавьсан ч хариу ирээгүй. Үүний дараа дахин бичгээр шаардлага тавьсан ч одоо болтол хариу ирээгүй байна. Гэтэл төсвийн гүйцэтгэл хэлэлцэх үед дээр дурдсан ноцтой зүйлүүд яригдаж байгаа учраас Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна.